“Монгол бөө түүний засал, уламжлалт анагаах ухаан” тусгай үзэсгэлэн өнөөдөр 11:00 цагт Монголын Үндэсний музейд нээлтээ хийнэ.
Энэхүү тусгай үзэсгэлэнд Монголын Үндэсний музей болон Монголын уламжлалт анагаах ухааны музейн 39 дэсийн 145 ширхэг үзмэр дэглэгдсэнээс тухайлан дурдвал, Дархад бөөгийн иж бүрэн хувцас, ардын эмнэл засалд хэрэглэгдэх домын чулуу, хануурын багаж, эмийн уламжлалт ургамал, түүхий эрдэс чулуу, болон Бурханы шашны уламжлалт анагаах ухааны ном судар, манхаг, эмийн уут сав, Чойжин ламын хувцас хэрэглэл зэрэг болно.
Кембрижийн Их сургууль, Нийгэм соёлын антропологийн тэнхимийн Монгол судлалын төв болон Монголын Үндэсний музейн хамтарсан “Ялгаатай бүс нутаг дахь уламжлалт анагаах ухаан” судалгааны төсөл 2023 оны нэгдүгээр сараас гуравдугаар сар хүртэл явагдсан.
Энэхүү төсөл нь хил дамнан олон зуун жил хүчтэй оршсоор буй бөөгийн эмнэл засал болон уламжлалт анагаах ухааныг тухайн бүс нутгуудтай харьцуулан судлах, мөн угсаатны соёлын ялгаатай болон нийтлэг өв соёлыг угсаатны зүйн үүднээс судлах зорилготой юм.
Төслийн судалгааны үр дүнг Кембрижийн Их сургуулийн нээлттэй фестивалиар хэлэлцүүлэн олноо хүргэсэн ба төслийн зорилго, судалгааны үр дүнг бид Монголын Үндэсний музей болон Кембрижийн Археологи-Антропологийн музейд хадгалагдаж буй үзмэр эд өлгөөр дамжуулан хүргэхийг зорьж байгаа аж.
Төслийн судалгааны гол хэрэглэгдэхүүн нь Кембрижийн Археологи-Антропологийн музейд хадгалагдаж буй Этел Жон Линдгрений Монгол болон Манжуурт хийсэн бөөгийн судалгааны материал болон монгол барга, буриад солон нуменчин угсаатны сонирхолтой гэрэл зураг, тэмдэглэл болон бөөгийн хувцас хэрэглэл болно.
Эх сурвалж: МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ МУЗЕЙ