Монгол Улсын Засгийн газраас 2023-2024 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан энэ удаагийн соёлын биет бус өвийн их наадмыг “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна.
Тус соёлын биет бус өвийн их наадмыг зохион байгуулснаар уламжлалт соёлын ахуй орчин бүрдэж хүүхэд, залуус, үзэгч хэн бүхэн эх орон, соёл, уламжлалаа дээдлэн хүндэтгэж, соёлын биет бус өвийг цаашид хамгаалах, өвлөн уламжлах, суралцах зэрэг оюуны соёлын дархлаа бий болох өндөр ач холбогдолтой юм.
Энэ удаагийн “Нүүдэлчин” соёлын биет бус өвийн их наадамл хүрэлцэн ирсэн нүүдэлчид отоглох хэлбэрээр байрлан, наадамчин олонд зориулж эсгий хийх, айраг исгэх, сур боловсруулах, элдэх, нум сум харвах зэрэг тэргүүтэй уламжлалт монгол ахуйн арга ухаанаас суралцах боломжийг бүрдүүлснээрээ онцлог болж буй юм.
Мөн уг фестивальд хүрэлцэн ирсэн зочид соёлын биет бус өвийн 7 ай савын 362 төрөл зүйлийн хүрээнд: Аймаг нийслэлийн 22 отгоор зочилж, олон улсын соёлын өвийн өртөөгөөр аялан, шилдэг өвлөн уламжлагчдын зан үйлийн үзүүлбэр, гала тоглолт тэргүүтэй өвөрмөц тансаг урлагийн тоглолт үзэж, эрийн 3 наадмаар эхлэх үндэсний спортын 15 төрлийн уралдаан, тэмцээнийг сонирхон, соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгч 167 аж ахуйн нэгжийн үзэсгэлэн худалдаа болон орон орны 9 үндэстний уламжлалт хоол хүнс, идээ ундааны үзэсгэлэн зэрэг 30 гаруй хөтөлбөрийн дагуу зохион байгуулагдах 700 гаруй сонин содон, шилдэг, онцлог тоглолт , үзүүлбэр, арга хэмжээг үзэж сонирхох боломжтой юм.
“Нүүдэлчдийн соёл” хэмээх нэгэн цул бахархлаар овоглосон та бидний үйлс, зорилго мөнх хөх тэнгэрийн дор өнөд сэтгэлчлэн бүтэж, Монгол орон минь мандан дэвжих ашдын билэгт ерөөлийг өргөн дэвшүүлье.
САЙХАН НААДААРАЙ.