Шотландад цаг агаарын улаан түвшний сэрэмжлүүлэг зарлаад байна.
Тус улсад “Бабет” гэх хүчтэй шуурга шуурч, өмнө үзэгдээгүй их хэмжээний хур тунадас орох төлөвтэй байгаа аж. Энэ сарын 7-8-нд мөн үргэлжилсэн аадар бороо орсон. Үүнийг 1890 оноос хойш Шотланд улсад тохиолдоогүй байгалийн үзэгдэл боллоо хэмээн тус улсын цаг агаарын байгууллагаас мэдэгджээ.
Дахин ийм сорилт учирч болзошгүй нөхцөл үүссэн тул /2023.10.18/ Шотландын засгийн газрын Гамшигт тэсвэртэй байдлын танхим хуралджээ. Хуралдааны дараа Тэргүүн шадар сайд Шона Робисон, “Цаг уурын алба улаан сэрэмжлүүлгийг ховор зарладаг. Энэ удаа бидний төсөөллөөс давсан цаг агаарын онцгой нөлөө нүүрлэх төлөвтэй байна. Ялангуяа Шотландын зүүн хойд хэсэгт ойрын хоёр хоногт ноцтой байдал үүсэж болзошгүйг сэрэмжлүүлж байна” гэжээ.
Түүнчлэн тус мужийн оршин суугчдыг замын хөдөлгөөнд оролцох, аяллаас зайлсхийж, гэртээ байхыг анхаарууллаа. Цаг агаарын эрс тэс үзэгдэл пүрэв гарагийн 18:00 цагаас баасан гарагийн үд дунд хүртэл үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд зарим газраар 20-25 см хур тунадас орох төлөвтэй байна.
Эх сурвалж: ОБЕГ