Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна. Хууль санаачлагч, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр танилцуулга хийлээ.
Тэрбээр “Шүүхийн зөвшөөрөлгүй баривчлаад, цагдан хорьсон тохиолдол 2022 онд 55 хувийг эзэлжээ. Үүнээс үзэхэд сэжигтнийг баривчлах ажиллагааны 98 хувь нь шүүхийн зөвшөөрөлгүй хийгдэж байна. Сүүлийн 8 жилд 238 мянган гэмт хэрэг бүртгэгдэж, үүнд 150 мянган хүн сэжиглэгдэж, шалгагджээ. Үүнээс 9200 хүнийг баривчилсан байна.
Цагдан хоригдсон нийт хугацааг авч үзвэл 65 орчим хувь нь 1-6 сарын хугацаагаар байна. Үүн дотор хамгийн гол асуудал нь үнэхээр гэмт хэрэгт холбогдсон этгээдийг цагдан хорьж байгаа эсэх асуудлыг, түүнийг цаашид шүүх рүү шилжүүлж байгаа эсэх судалгааг авч үзлээ.
Манай улсын хөнгөн болон хүндэвтэр төрлийн гэмт хэрэгт цагдан хорьж байгаа хугацаа дэлхийн дунджаас 6 дахин их байна. Германд 6 сарын хугацаатай байна. Гэтэл манайд 12 сар буюу 1 жилийн хугацаатай байна. Тийм учраас Эрүүгийн хуульд заасан хөнгөн төрлийн гэмт хэрэгт цагдан хорих хугацааг 6 сар болгох замаар хоёр дахин багасгах саналыг дэвшүүлж байна. Цагдан хорих байранд гүйцэтгэх ажил хийх буюу хорьж мөрдөх арга барилыг таслан зогсоох, хязгаарлах санал дэвшүүлж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулиар Сонгуулийн хууль тогтоомж зөрчихтэй холбоотой хэргийн харьяаллыг тагнуулд шилжүүлсэн. Энэ асуудлыг цагдаагийн байгууллага үргэлжлүүлэн гүйцэтгэх нь зүйтэй гэж үзэж байгаа” гэв.
Хууль санаачлагчид хандан УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил асуулт асуув.
Тэрбээр “Мөрдөн байцаах ажиллагааны нууц задраад байна. Үүнийг зогсооно гэж хэлж байсан. Үүнийгээ дуусгах хэрэгтэй байна. Сэтгүүлчдийг буруутгах ёсгүй. Тэдэнд мэдээлэл өгөөд байгаа хүн бий. Энэ хүнээ л олж тогтоомоор байна. Хэргийн хавтаст материалыг бараг тэр чигт нь 1-2 сэтгүүлч л гаргаад байна шүү дээ. Тэнд нэгжлэг хийлээ гээд шөнө ч л байсан очоод зогсож байх юм. Энэ нь өчнөөн хүнд ял завших боломж олгоод байна, үүнийгээ та гүйцээгээрэй. Ингэж болдоггүй, хэзээ нэг цагт би ял хүлээдэг юм байна гэдгийг ойлгуулж өгөх хэрэгтэй. Энэ асуудлаар тусад нь мэдээлэл хиймээр байна” гэв.
Үүнд ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр “Мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулж байгаатай холбоотой асуудалд үр дүн гаргаж ажиллана. Амандаа орсноо хэлдэг, худлаа ярьдаг сайд байхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны нууц задруулдаг байдлыг таслан зогсооно” гэж хариуллаа.
Мөн тэрээр Хүчирхийллийг дэвэргэсэн, сурталчилсан мэдээлэл түгээхээс би хувьдаа шууд түдгэлзэнэ. Учир нь энэ төрлийн мэдээллүүд цахим орчноор их тархах тусам хэрэг ихсээд байна. Тухайлбал, өнгөрсөн 7 хоногт гэр бүлийн хүчирхийлэл өмнөх 7 хоногоос 3.5 дахин огцом нэмэгдсэн.
Тийм учраас хүчирхийллийн сэдэвтэй аливаа мэдээллийг хэдэн лайкийн төлөө түгээгээд байх тусам энэ төрлийн зөрчил, гэмт хэргүүд огцом нэмэгдээд байгааг би хүн болгонд хандаж хэлмээр байна. Хүчирхийлэлтэй эвлэрэхгүй л гэж байгаа бол энэ тухай мэдээллийг бүү түгээгээч гэж хүсье” гэлээ.