Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам залуучуудад зориулсан хөдөлмөрийн өдөрлөг зохион байгуулах гэж байгаа талаар мэдээлэл өгөв.
Тус өдөрлөг нь эх орондоо болон гадаадад, сурч, амьдарч буй залуучуудын хөгжил, хамгаалал, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хөдөлмөрийн харилцааны хүрээн дэх хууль тогтоомж, бодлого, үйл ажиллагааг сурталчлан таниулах, байнгын болон цагийн ажилд зуучлах зорилготой. Мөн ХНХЯ-аас улсын хэмжээнд хэрэгжүүлэх гэж буй ажил олгогчийн туршилтын хөтөлбөрийг танилцуулах аж. Хөдөөгийн хөгжлийг дэмжих бодлогын хүрээнд орон нутагт үйл ажиллагаа явуулж буй байгууллагын ажил олгогч ажил олоход хүндрэлтэй иргэн, залуучуудыг ажлын байраар хангавал сар бүр цалин дээр нь 820 мянган төгрөгийн дэмжлэг үзүүлнэ гэв.
Энэ талаар ХНХЯ-ны Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Дамбий “Монгол Улсад залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн асуудал тулгамдсан асуудал хэвээр байна. Хэдийгээр цар тахлын дараа хөдөлмөрийн зах зээлд эерэг өөрчлөлтүүд гарч байгаа ч залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн түвшин бага байна. Тухайлбал улсын хэмжээнд ажилгүйдлийн түвшин 8.5 хувь байгаа бол 15-24 насныхны ажилгүйдлийн түвшин 17.8 хувьтай гарсан. Тиймээс залуучуудын хөдөлмөр эрхлэлтэд онцгой анхаарч, бодлого үйл ажиллагаа явуулах шаардлагатай.
Энэ сарын 28-ны өдөр “Залуучуудын карьер” хөдөлмөрийн өдөрлөгийг зохион байгуулахаар боллоо. Тус өдөрлөгөөр залуучуудыг ажилд зуучлах чиглэлийн үйл ажиллагаанууд, хөдөлмөрийн харилцаа, хууль тогтоомжийг сурталчилж, мэдээлэл хүргэнэ.
Мөн хэлэлцүүлэг, амжилттай яваа залуучуудын түүх, туршлагаас хуваалцаж 5000 гаруй ажлын байрыг санал болгоно. Монгол Улсын 50 гаруй групп компани, 200 гаруй хувийн хэвшил мөн төрийн өмчийн байгууллагууд оролцоно.
Уг үйл ажиллагааны үеэр ХНХЯ-аас улсын хэмжээнд хэрэгжүүлэх гэж буй ажил олгогчийн туршилтын хөтөлбөрийг танилцуулна. Хөтөлбөрөөр ажил олгогч нар цалин хөлсийг бүтээмжтэй уялдуулан тогтоохтой холбоотой дэмжлэгүүд олгогдох юм. Хөдөөгийн хөгжлийг дэмжих бодлогын хүрээнд орон нутагт үйл ажиллагаа явуулж буй байгууллагын ажил олгогч ажил олоход хүндрэлтэй иргэн, залуучуудыг ажлын байраар хангавал сар бүр цалин дээр нь 820 мянган төгрөгийн дэмжлэг үзүүлнэ.
Харин эдийн засгийн тэргүүлэх салбарын аж ахуйн нэгжүүд уг хөтөлбөрийг хэрэгжүүлбэл 770 мянган төгрөгийг тав хүртэлх сарын хугацаанд олгоно. Санхүүжилтийн хувьд энэ онд “хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” санд 18.8 тэрбум төгрөгийг төсөвлөсөн. Үүнд 5000 гаруй залуучуудыг хамруулна. Энэ талаар өдөрлөгийн үеэр дэлгэрэнгүй танилцуулна” гэлээ.