Шүүхийн байрны нөхцөл байдлын талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр сэтгүүлчийн асуултад хариуллаа.
Тэрбээр “2024 оны УИХ-ын төсөвт сүүлийн 10 жилд анх удаа шүүхэд томоохон хэмжээний хөрөнгө оруулалт хийхээр шийдвэрлэсэн.
- Монгол Улсын Дээд шүүх Сүхбаатарын талбайд баруун талын Хангарди ордонд 2024 онд нүүж орно. Холбогдох зардлуудыг шийдвэрлэсэн.
- Шүүхийн системийн хэмжээнд шүүхийг бүрэн цахимжуулах төсвийг 2024 оны төсөвт суулгасан.
- Шүүх байгуулах тухай хууль хэрэгжихтэй холбоотой тооцоо судалгаа хийхэд нийт 350 тэрбум төгрөгийн төсөв гарсан. Үүний 275 орчим тэрбум төгрөг нь шүүхийн барилга байгууламжтай холбоотой. Улсын төсвөөр дангаар шийдвэрлэхэд төвөгтэй тул Шүүх байгуулах тухай хуулийг дагалдуулан УИХ-ын тогтоолын төсөл оруулж байгаа. Уг хуулиар шүүхийн байртай холбоотой асуудлыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэрээр шийдвэрлэнэ.
Түүнчлэн шүүхийн байртай холбоотой хэд хэдэн шилжилт хийнэ.
Гэр бүл, хүүхдийн шүүхийг олон улсын жишигт нийцсэн шүүхийн байртай болгоно. Яагаад гэвэл энэ нь ердийн шүүхээс өөр. Хүүхдэд айдас дарамт үүсэхээргүй цэлгэр уудам орчин талбайг бүрдүүлсэн байдлаар байгуулахад анхаарна.
Шүүхэд жилд 100 гаруй мянган хэрэг шийдвэрлэгддэг. Үүний цаана 400-500 мянган иргэн шүүхээр үйлчлүүлж байна гэсэн үг. Шүүх бол үйлчилгээний байгууллага.
Иргэдийн шударга шүүхээр шүүлгэх үндсэн эрх шүүхийн байрнаас авхуулаад зөрчигдөж байгаа юм. Тиймээс энэ эрхийг хангах хүрээнд гурван жилийн дотор шүүхийн байртай холбоотой асуудлыг бүрэн шийднэ” гэв.