Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах хүрээнд тээврийн хэрэгслийн техник хяналтын цахим гэрчилгээ буюу RFID технологийг өнгөрсөн онд суурилуулж эхэлсэн.
RFID систем нь төрийн байгууллага болон замын хөдөлгөөнд оролцогчдын мэдээлэл солилцоог сайжруулах, нэгдсэн мэдээллийн сан үүсгэх, замын хөдөлгөөнийг хянах, удирдах, дүн шинжилгээ хийх боломжийг бүрдүүлэх юм. Өөрөөр хэлбэл, цахим гэрчилгээ буюу RFID технологийг суурилуулснаар авто зам ашигласны төлбөр хураамж, татвар, оношилгоо, даатгал зэрэг тээврийн хэрэгслийн нэгдсэн сан үүснэ.
Мөн жолооч нар машинаа хэдийд оношлуулах, төлбөр тооцоогоо цахимаар төлөх, аль зам засвартай байгаа, түр хаасан зэрэг мэдээлэл авах боломжтой.
2023 онд нийт тэврийн хэрэгслийн бүртгэлийг цахимжуулахаар төлөвлөсөн ч амжаагүй. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 1,208,891 тээврийн хэрэгсэл цахим гэрчилгээ авсан буюу хэрэгжилт 96 хувьтай байна.
Харин сүүлийн таван жилд огт үзлэг, оношилгоонд хамрагдаагүй, торгууль төлөөгүй 200 мянган тээврийн хэрэгслийг улсын бүртгэлээс хассан хэмээн Авто тээврийн үндэсний төвийн Мэдээлэл технологийн хэлтсийн программ хангамжийн менежер Д.Өсөрбаяр мэдээллээ.