Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар 2022-2027 онд хэрэгжүүлж буй “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан “Хүнсний хувьсгал” ТББ-ын удирдах зөвлөл болон Хүнс, Хөдөө Аж Ахуйн салбарын баялаг бүтээгчидтэй уулзлаа.
Энэ үеэр Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өөрийн эрхлэх хүрээний агентлаг болох “Шударга өрсөлдөөн, Хэрэглэгчийн төлөө газар”, “Төрийн худалдан авах ажиллагааны газар”, “Стандарт, Хэмжил зүйн газар”, “Үндэсний итгэмжлэлийн төв”, “Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори”-ийн удирдлагуудыг байлцуулж, аж ахуй нэгж байгууллагадуудад тулгамдаад буй асуудлын талаар санал хүсэлтийг сонсож, үндэсний үйлдвэрлэлийг цаашид хэрхэн дэмжих, дотоодоо хангаад зогсохгүй экспортод гаргах ямар боломж байгаа талаар хэлэлцлээ.
Аж ахуй нэгж эрхлэгчдийн зүгээс “Хүнсний аюулгүй байдлын лавлагаа лаборатори”-ийн техник тоног төхөөрөмжийг сайжруулахад төрийн зүгээс анхаарах, импортын бараа, бүтээгдэхүүнд тавих хяналтыг сайжруулж, стандартыг мөрдүүлэх шаардлагатай байгаа талаар хэлж байлаа. Тухайлбал, жил бүрийн намар хяналтгүйгээр их хэмжээний хүнсний ногоо БНХАУ-аас орж ирдэг нь хүнсний ногоо тариаланчдад ихээхэн хохирол учруулдаг тухай ярьсан юм.
Шадар сайд С.Амарсайханы зүгээс импортод худалдаалах махны брэнд болон үтрэмийн улаан буудайн стандартыг бий болгох, ХАБҮЛЛ-ийн чадамжийг сайжруулахаар ажиллаж буйгаа хэлээд баялаг бүтээгчдийн зүгээс хэлсэн бусад шүүмж, саналд дүгнэлт хийж ажиллахаа илэрхийлэв.