Дани улсын Засгийн газар цэргийн алба хаах хүмүүсийн тоог нэмэгдүүлэх зорилготой байгаагаа мэдэгдээд эмэгтэйчүүдэд хугацаат цэргийн алба хаах боломж бүрдүүлнэ гэв.
Түүнчлэн ирэх таван жилийн хугацаанд НАТО-ийн зорилтод хүрэхийн тулд батлан хамгаалахын төсвөө зургаан тэрбум ам.доллароор нэмэгдүүлэх зорилт тавьжээ.
Энэ талаар тус улсын Ерөнхий сайд “Бид дайныг хүссэндээ биш дайнаас зайлсхийхийн тулд улсаа зэвсэгжүүлж байна” хэмээн мэдэгдэв. Түүнчлэн цэргийн алба хаах хугацаа 4-11 сар хүртэл байх гэнэ.
2022 оны хоёрдугаар сард ОХУ Украин руу довтолсноос хойш Европт хурцадмал байдал үүссэн.
2026 оноос эхлэн Данийн Засгийн газар эмэгтэйчүүдийг цэрэгт элсүүлэхээр төлөвлөж буй бөгөөд ингэснээр Норвег, Швед улсаас гадна армид эмэгтэйчүүдийг элсэхийг шаарддаг гурав дахь Европын орон болох юм.
Дани улсад одоогийн байдлаар 9000 албан ёсны цэрэгтэй бөгөөд цэргийн сургуулилтад хамрагдаж буй 4700 гаруй хүн байна. Засгийн газраас уг тоог 300-аар нэмэгдүүлж, хугацаат цэргийн алба хаагчдын тоог 5000-д хүргэх зорилготой байгаа гэв.
Данийн хуулиар 18-аас дээш насны эрчүүд цэргийн албанд татагдах боломжтой ч сайн дураараа алба хаах хүн олон байдаг тул сугалааны зарчмаар сонгож авдаг аж.
Эх сурвалж: АР