Баянхонгор аймгийн нийт нутгаар ойрын өдрүүдэд өдөртөө нэмэх хэмтэй дулаан байх хэдий ч энэ сарын 21-23-нд зарим газраас цас орж, нийт нутгаар хүчтэй салхилж, цасан болон шуургатай байхыг УЦУОША-наас мэдээлэв.
Шуурга зарим үед аюултай үзэгдлийн хэмжээнд хүрэх тул энэ өдрүүдэд иргэд аюулгүй байдлаа хангахыг зөвлөлөө. Үүнд:
-Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,
-Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,
-Онцын шаардлагагүй тохиолдолд хол, ойрын замд гарахгүй байх,
-Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудахаас урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах,
-Бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг малд явуулахгүй байхыг Онцгой байдлын газраас анхааруулав.