УИХ-ын Төсвийн байнгын хороо, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хамтарсан хуралдаан өчигдөр болж Засгийн газраас энэ сарын 18-нд өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.
Төслийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан танилцуулахдаа “Нийт 21 аймгийн 216 сум, нийслэлийн дөрвөн дүүрэгт хаваржилт хүндэрсэн. Гуравдугаар сарын 15-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд нийт малын 7.3 хувь буюу 4.7 сая мал зүй бусаар хорогдоод байна.
Аймаг, сумдын аюулгүй нөөцөд нийт 27.2 мянган тонн өвс, 11.7 мянган тонн тэжээл бэлтгэснээс гуравдугаар сарын 12-ны өдрийн байдлаар 2.1 мянган тонн өвс, нэг мянган тонн тэжээлийн үлдэгдэлтэй, Өвөрхангай, Орхон, Дундговь, Архангай аймгууд өвс, тэжээлийн нөөцөө бүрэн дуусгаад байна.
Өвс тэжээлийн хомсдолоос шалтгаалан килограмм хивгийн үйлдвэрийн үнэ 950-1100 төгрөг хүртэл өссөн. Иймд зудын хүндрэлд нэрвэгдсэн иргэдэд ирэх дарамтыг бууруулах, малын тэжээл, тэжээлийн нэмэлтийн үнийг тогтворжуулахын тулд гаалийн албан татвараас чөлөөлөх шаардлага үүссэн.
Энэ нь гурилын зах зээлийн үнэ зүй бусаар тогтож, өрсөлдөөн хязгаарлагдсан байна гэх дүгнэлтэд хүргэж байна” гэв.
“Засгийн газар гурилын импортын татварт хугацаа, хэмжээ заахгүйгээр тэглэж, энэ асуудлыг шийдэх нь зүйтэй гэж үзсэн”
Үргэлжлүүлэн тэр УИХ-ын гишүүдийн асуултад хариулахдаа “Бид олон улсын түвшин, зах зээлийн нөхцөл байдал, ард иргэдийнхээ худалдан авах чадварт нийцүүлж асуудалд хандах нь зүйтэй.
Гурилын үйлдвэрүүд тариаланчдаас дунджаар тонн улаан буудайг 700 мянга орчим төгрөгөөр авдаг. Буудай нь 1кг гурил үйлдвэрлэхэд 90 хувийнх нь өртгийг бий болгодог зүйл.
Гэтэл 700 төгрөгөөр авсан буудай гурил болоод 3000 төгрөг хүртэл үнэ нь өссөн байна. Энэ нь төрөөс үзүүлж байгаа шат шатны дэмжлэг, туслалцаа хэтэрснийг харуулж буй хэрэг. Бүх шатанд нь хөнгөлөлттэй зээл, дэмжлэгийг үзүүлсэн. Эцсийн дүнд нь иргэд үнэтэй гурил хэрэглэж байгаа тул энэ байдалтай Засгийн газар эвлэрэхгүй.
Сүүлийн нэг жилийн хугацаанд ШӨХТГ-аас энэ асуудалд анхаарал хандуулан, гурилын монополи үйлдвэрүүд үгсэн хуйвалдаж, үнээ нэмсэн талаар акт тавиад ч, арга хэмжээ авч чадахгүй байна.
Иймд Засгийн газар гурилын импортын татварт хугацаа, хэмжээ заахгүйгээр тэглэж, энэ асуудлыг шийдэх нь зүйтэй гэж үзсэн. Учир нь тодорхой хугацаа, хэмжээ заасан шийдвэр гаргавал үүнд нь нийцүүлэн аж ахуйн нэгжүүд үйлдвэрлэлээ багасгаж, хомсдол бий болгодог.
Засгийн газар цаашдаа тариаланчдын үйл ажиллагаа явуулах нөхцөлийг дордуулахгүй байх тал дээр анхаарал тавина. Хуулийн төслийн хүрээнд гурилын импортоос аж ахуйн нэгжүүд хэдэн төгрөгийн ашиг олох нь чухал биш.
Харин зах зээлийн зарчмаар бодит үнэ тогтож, гурил гурилан бүтээгдэхүүн ард иргэдийн амьжиргаанд дарамт болдоггүй байх нь Засгийн газрын хувьд чухал.
Өнгөрсөн хугацаанд Засгийн газраас хоёр ч удаа малчдад үнэ төлбөргүйгээр малын тэжээл хүргэх ажлыг зохион байгуулсан.
Үүнээс өмнө улсын нөөцөөс 2023 оны арваннэгдүгээр сарын сүүлээс эхлээд 50 хувийн үнийн хямдралтайгаар өвс, тэжээлийн хангалтыг хийсэн нь өвс, тэжээлийн үнэ өсөхөөс сэргийлсэн арга хэмжээ байлаа.
Гэсэн хэдий ч малчид өвс тэжээлийн үнэ, өргөн хэрэглээний чухал хүнс болох гурилын үнийг дийлэхгүй нөхцөл байдал руу орсон тул Засгийн газар энэ төрлийн импортын барааны татварыг тэглэх тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлж байна” хэмээх ярив.