Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолоочийг 10 гаруй жилийн өмнөөс цахимаар торгодог болсон. Торгуулсан жолооч 14 хоногийн дотор торгуулиа төлөх учиртай. Харин энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлтүүдийг оруулж өгсөн.
Тухайлбал,
-Торгуулиа хуульд заасан хугацаанд буюу 14 хоногийн хугацаанд төлөөгүй тохиолдолд торгуулийн хэмжээ 50 хувиар нэмэгдэнэ. -Торгуулиа төлөөгүй тохиолдолд тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй. -Нийтэд тустай ажил хийлгэх болон төрийн үйлчилгээ үзүүлэхгүй байх зэргээр тусгасан.
Гэвч өнөөдрийг хүртэл олон жилийн хугацаанд торгуулиа огт төлдөггүй, сая сая төгрөгийн торгуультай жолооч цөөнгүй байна.
Тодруулбал, хамгийн их нь 13 сая 506 мянга 500 төгрөгийн торгуультай жолооч байна. Тухай жолоочийн хувьд сүүлийн таван жилийн хугацаанд 585 удаа торгуулжээ.