Японы жижиглэн худалдааны “Uniqlo” компани өргөн хэрэглээ болоод буй нэг мөрөвчтэй цүнхнийхээ эрэлтийг өндөр хэвээр хадгалахын тулд шинэ өнгө, материал, захиалгын хатгамал, чимэглэлтэйгээр худалдаанд гаргаж байна.
Сунадаг урт оосортой цүнхнээсээ чихэвч, үнэртэй ус, эпинефрин автомат тариур зэрэг олон зүйлс гарган ирж буй нэгэн бүсгүйн “TikTok” бичлэг тус цүнхийг дэлхий нийтэд алдаршуулсан байна. Тус компани одоо тэрхүү цүнхээ хувцас загварын нэртэй бүтээгдэхүүн болгохыг зорьж байгаа аж.
“Моданд орсон гэх нь миний бодлоор тохиромжтой үг биш. Цүнх маань хэсэг хүчээ аваад алга болчихдог тренд төдий биш, харин хүмүүсийн урт удаан хугацаанд эдлэх зүйл нь болохоор байгаа” хэмээн “Uniqlo” компанийн Олон улсын худалдаа хариуцсан захирал Каноко Такэнокучи ярьж байлаа.
Хэдийн өргөн хэрэглээнд нэвтэрч, “Мянганыхны Birkin”, “банш цүнх”, “Мэри Поппинс цүнх” гэх нэртэй болоод буй нуман хэлбэртэй, авсаархан цүнх анх 2020 онд худалдаанд гарсан аж. Харин 2022 онд дээрх “TikTok”-ийн бичлэгийн дараа борлуулалт нь цойлж, бүр нийлүүлэлтийн хомсдол үүсжээ. Зарим улсын зах зээлд тус компанийн хамгийн өндөр борлуулалттай бүтээгдэхүүний нэг болсон байна.
“Тухайн үед би нийгмийн сүлжээний хүч чадлыг мэдэрсэн. Компанийнхаа зар сурталчилгааг цацахын оронд бид хүмүүсийн хайрыг татах бүтээгдэхүүн үйлдвэрлэх хэрэгтэй юм байна. Ингэснээр бүтээгдэхүүн өөрөө нийтэд түгж, илүү их худалдан авалт хийгдэх цикл аяндаа үүснэ” хэмээн Каноко Такенокучи өгүүлжээ.
“Uniqlo”-ийн толгой компани “Fast Retailing” борлуулалтынхаа тайланг хуваалцахыг хүсээгүй ч тэрхүү цүнх нь хэд хэдэн зах зээлд шилдэг борлуулалттай хэвээр байгааг хэлж байлаа. Ерөнхийдөө наймдугаар сараар эцэслэгдэх санхүүгийн жилд орлого нь 9.5 хувиар өсөж, 19.7 тэрбум ам.доллар хүрнэ хэмээн тус компани таамагласан байна. Мөн дотоодын зах зээлээс гадагш олон улс руу үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн тэлсээр байгаа юм. Олон улсад “Uniqlo”-ийн мөрөвчтэй цүнхний энгийн загвар 1500 иен буюу одоогийн ханшаар 10 хүрэхгүй ам.доллароор зарагдаж байгаа аж. Харин АНУ-д 19.90 ам.долларын үнэтэй байна.
Худалдан авалтын аппликейшн дээр хамгийн их хайлттай брэнд болон бүтээгдэхүүнийг тодорхойлдог “Lyst”-ийн жагсаалтыг өнгөрсөн оны I улиралд “Uniqlo”-ийн цүнх тэргүүлжээ. Мөн тус жагсаалтад багтсан хамгийн хямдхан цүнхээр тодорсон аж.
2019 онд “Uniqlo” компани цомхон бөгөөд багтаамж ихтэй цүнх бүтээх санаа уралдуулснаар тэрхүү цүнхны санаа төрсөн байна. Тус компанийн 30 гаруй ажилтан цүнхний анхны загварыг гаргахдаа том түрийвч, усны сав зэрэг өдөр тутамд ашиглагдаг чухал зүйлсийг багтаахыг зорьсон ажээ. Мөн жижиг эд зүйлс агуулах дотоод халаасыг ч давхар бодолцсон байна.