Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар Н.Мөнхбат, Б.Шинэбаатар, Ч.Отгочулуу нарт холбогдох хэргийг шүүгдэгч Н.Мөнхбат, түүний өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар, шүүгдэгч Ч.Отгочулуу, түүний өмгөөлөгч Б.Баяраа болон хохирогч, иргэний нэхэмжлэгч “Хөгжлийн банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оргил, Э.Саранболор нарын гаргасан гомдлыг үндэслэн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хэлэлцлээ.
Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар шүүгдэгч болон хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын өмгөөлөгчдийн гаргасан гомдлыг хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах үндэслэлд хамаарахгүй байгаа тул уг хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзав.
Ингэснээр хуулийн хүчин төгөлдөр давж заалдах шатны шүүхийн магадлалын дагуу шүүгдэгч Н.Мөнхбатын нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилээр хасаж, 2 жилийн хугацаагаар хорих, мөн Б.Шинэбаатар, Ч.Отгочулуу нарт тус бүр “нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 20 сая төгрөгөөр торгох” ялыг эдлүүлэхээр болж байна.
Эх сурвалж: Улсын Дээд шүүх