Өнгөрсөн жилийн наадмын түрүү бөх, Архангай аймгийн харьяат М.Бадарчийн улсын арслан цолыг хураах ерөнхийлөгчийн зарлиг гарсан болохыг эх сурвалж мэдээлэв.
Тэрбээр допинг хэрэглэсэн нь тогтоогдсон билээ.
Ингэснээр аймгийн хурц арслан Б.Баянмөнхийг тав давсанд тооцож улсын начин, өсөх идэр начин Э.Дашийг зургаа давсанд тооцож улсын харцага, улсын харцага С.Сүхбатыг долоо давсанд тооцож улсын заан, улсын гарди Ц.Бямба-Отгоныг ес давсанд тооцож улсын арслан цол олгохоор болж байна. Харин улсын аварга О.Хангай “үлэмж бадрах” чимэг нэмэх аж.
Зургаадугаар сарын 17-ны Даваа гарагт Төрийн ордны “Хүндэтгэлийн өргөө”-д өнгөрсөн жилийн баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд М.Бадарчид өвдөг шороодсон нэр бүхий бөхчүүдэд улсын цол, чимгийг нөхөн олгох ёслолын арга хэмжээ товлогджээ.