Өнгөрсөн жилийн үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд түрүүлж, улсын арслан цол хүртсэн М.Бадарчаас допингийн төрлийн бодис хэрэглэсэн нь тогтоогдсон.
Үүнтэй холбогдуулан түүнд өвдөг шороодсон бөхчүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар улсын цол, чимэг олгох арга хэмжээ Төрийн ордонд болж, Шадар сайд С.Амарсайхан бөхчүүдийн цол, чимгийг гардууллаа.
Үүнд:
-
Ховд аймгийн Мөнххайрхан сумын харьяат аймгийн хурц арслан Б.Баянмөнхийг тав давсанд тооцож улсын начин,
-
Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат өсөх идэр начин Э.Дашийг зургаа давсанд тооцож улсын харцага,
-
Архангай аймгийн Хашаат сумын харьяат улсын харцага С.Сүхбатыг долоо давсанд тооцож улсын заан,
-
Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат улсын гарди Ц.Бямба-Отгоныг ес давсанд тооцож улсын арслан цол олголоо. Харин улсын аварга О.Хангай “үлэмж бадрах” чимэг нэмж байна.