Нарны хорооллын гүүрэн гарцыг өнөөдөр /2024.07.01/ дахин том оврын машин мөргөж, тус замын зорчих хэсгийн хөдөлгөөнд саад учруулсан байна. Тус гүүрэн гарцыг өнгөрсөн нэгдүгээр сарын 19-нд нээж, нээсэн өдөр нь том оврын машин мөргөж тус замын хөдөлгөөнийг хэсэг хугцаанд хязгаарлаж байв. Гүүрэн гарцны тендерийг анх 1.5 тэрбум орчим төгрөгөөр зарласан ч гүйцэтгэгч компани 1.2 тэрбумаар барьсан гэдгийг албаныхан онцолж байлаа. Гэвч шинэ гүүрэн гарцан доогуур ачааны машин даац хэтрүүлэн зорчиж осол гаргажээ.
Ачааны даацын хэмжээ, өндөр зөрчсөн тул жолоочийн буруу бөгөөд ТЦА шуурхай ажиллаж, тус замын хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна гэв.
Гүүрэн гарцны нээлтийн үеэр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар мэдээлэл өгөхдөө “Нарны хорооллын явган хүний гүүрэн гарцны зураг төслийн ажил 2021-2022 онд эхэлж байсан. Төсөвт өртгийг анх 1.5 тэрбум төгрөгөөр зарласан ч өрсөлдөөнөөр 1.2 тэрбумаар барьж байгуулсан байна. Би барилгын ажлыг бага сага гадарлана. Нийт 1.2 тэрбум төгрөгөөр гүйцэтгэхэд бараг компанид нь ашиг гарсан болов уу.
Гүйцэтгэгч компани дахиад цаад талын гүүрэн байгууламжийн тендерт оролцоосой гэж хүсч байна.
“Алтай” хотхон, Нарны хорооллын оршин суугчид хотын төвийн үйлчилгээг авахдаа заавал машинтай явах шаардлага үүсдэг байсан. Харин одоо гүүрэн гарцтай болсноор явган эсвэл дугуйтай зорчиж үйлчилгээ авах бололцоотой болж байна. Мөн “Алтай” хотхон орчимд 1200 хүүхдийн сургууль барихаар төлөвлөжээ. Газар нь шийдэгдсэн тул тендер сонгон шалгаруулалтын ажил 2024 онд зарлагдана” гэж байв.
Гүүрэн гарцын өндрийн хэмжээ 4,5 метр өндөртэй. Стандарт бус өндөртэй том оврын автомашин гүүрний доор зорчихгүй байх хязгаарлалттай байна.