Нийслэлийн өмчийн хөрөнгөөр 600 ширхэг автобус худалдан авах ажиллагааг зохион байгуулсан.
Ингэхдээ хууль зөрчиж, бусдад давуу байдал бий болгосон гэх хэрэгт холбогдсон Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Худалдан авах ажиллагааны газрын эрх бүхий албан тушаалтнуудад холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурлыг өнөөдөр (2024.07.29) тоглосон.
Гэсэн ч өмгөөлөгчдийн зүгээс гаргасан хүсэлтийн дагуу шүүх хурлыг ирэх сарын 12-ны өдрийг хүртэл хойшлууллаа.
Тодруулбал, шүүгдэгч Ж.Эрдэмбатын өмгөөлөгч Д.Батсүх, шүүгдэгч Б.Дөлгөөний өмгөөлөгч Т.Урангэрэл, шүүгдэгч О.Лувсандагвын өмгөөлөгч Б.Гантөмөр нарын зүгээс:
- Шүүх хуралдаан давхацсан тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэх хүсэлтийг холбогдох баримтын хамт,
Шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнийн өмгөөлөгч Э.Ганхөлөгийн зүгээс:
- Биеийн эрүүл мэндийн байдалтай холбоотойгоор шүүх хуралдаанд оролцох боломжгүй байх тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэх хүсэлтийг холбогдох баримтын хамт тус тус ирүүлсэн
Шүүгдэгч О.Хонгорзулын өмгөөлөгч Ч.Хүрэлбаатарын зүгээс:
- Биеийн эрүүл мэндийн байдалтай холбогдуулан хилийн чанадад эмчилгээ хийлгэх шаардлагатай байх тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэх хүсэлтийг холбогдох баримтын хамт шүүхэд ирүүлжээ.
Хүсэлтийг шүүхээс хүлээн авч шүүх хуралдааныг наймдугаар сарын 12-ны өдрийн 10:00 цаг хүртэл хугацаагаар хойшлуулж шийдвэрлэв.
Хэрэгт холбогдож яллагдагчаар татагдаад байгаа шүүгдэгч, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга асан Ж.Сүхбаатар “Нийслэлийн нийтийн тээврийн ажлын хэсэг 2023 оны наймдугаар сарын 14-ны өдөр эхний 20 автобусыг хүлээн авсан.
Автобусыг хүлээн авсан ажлын хэсэг төрийн байгууллагуудын зүгээс тавьсан шаардлагад зарим үзүүлэлт нь хүрэхгүй байсныг мэдсэн. Ингээд тухайн үеийн удирдлагууд нь надад танилцуулсан, би түүнийг нь хүлээгээд авчих гэсэн гэдэг ийм л зүйлд буруутгагдаад байгаа.
Түүнээс Сүхбаатарын талбай дээр байрлуулж, олон нийтэд танилцуулсан 80 автобусны асуудалтай холбоогүй шүү дээ. Эдгээр автобусыг бол манай улсын комисс хүлээж аваагүй. Зөвхөн эхний 20 автобусанд би оролцоод, нөлөөлсөн мэт л асуудалд буруутгагдаад байгаа юм.
Нотлох баримт байхгүй үндэслэлээр олон сар буруутгагдаад явж байна. Өнгөрсөн хугацаанд яагаад тайлбар хэлэхгүй, дуугүй байсан бэ гэвэл айж, ичсэн зүйл үгүй. Монгол Улсын сайдаар ажиллаж байсан хүний хувьд, ёсзүйн хувьд ч тэр хариуцлагаа үүрээд л явлаа. Туг тахина гэдэг шиг манайхан буруутан хайдаг. Хамгийн том дарга нь хэн бэ гээд хайсан, би болж таарсан. Мөрдөн байцаах, шалгах ажиллагаа явагдаад дууссан.
Ер нь автобус хүлээн авах, сонгон шалгаруулах ажиллагаанд сайд нар оролцдоггүй шүү дээ. Нэг хүний мэдүүлгээр л намайг автобус хүлээж авах процессод оролцоод үүрэг, даалгавар өгсөн мэт л яригдаад байгаа юм. Намайг утсаар ч юм уу үүрэг, даалгавар өгсөн мэт буруутгасан. Энэ буруутгагдаж буй үндэслэлээ шүүх хурал дээр нотлох биз. Миний хувьд гэм буруугүй учраас хэлэх үг, харуулах баримт нь бий.
Энэ хэрэгт нийт 20 гаруй хүн холбогдсон учраас маш олон шүүгдэгч оролцож байна. Миний хувьд шүүх хуралдааныг хойшлуулаад байх сонирхол байхгүй. Төрийн ажил хийж байсан, хариуцсан хүн учраас, процессын хувьд бүдүүлэг алдаа гарсан байгаа учраас ёсзүйн хувьд өөрийгөө өмгөөлөөд айдаст автаад явсангүй. Ажил хийсэн олон хүн хэлсээр буруутгагдаж байгаа учраас галыг өөр дээрээ авсан. Сүхбаатар яг ямар буруу зүйл хийсэн учраас ингээд буруутгаад байна вэ гэдгийг бодоод үзээрэй” гэв.
Эл хэргийг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчид дэнсэлнэ. Харин шүүгдэгчээр, Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар, Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх асан Д.Мөнх-Эрдэнэ, Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга асан С.Жавхланбаатар, “Тэнүүн-Огоо” компанийн захирал А.Ганхуяг, Худалдан авах ажиллагааны газрын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга асан Б.Түмэнжаргал, БНСУ-ын иргэн К.Баум, Ж.Соб нар болон:
- Б.Дөлгөөн
- А.Чойжилсүрэн
- Д.Цогтбадрах
- О.Хонгорзул
- Б.Алтаншагай
- Ц.Хадбаатар
- О.Сүхбаатар
- С.Бямбасүрэн
- Ц.Болортуяа
- Ж.Эрдэнэбат
- О.Лувсандавга
- Г.Мишээлт
- Ш.Баярсүх
- Ч.Мөнхбаяр
- Г.Энхтайван
- Б.Мөнхболд
- Б.Баярмаа нарын 24 хүний нэр бий. Харин тэдний өмгөөлөгчөөр 30 гаруй хүн ажиллаж байна.