Тегеран хотод Хамасын удирдагчийн амь насанд халдсаны хариу арга хэмжээг Ираны эрх баригчид авахаа амлаад байгаа.
Палестины Хамас зэвсэгт байгууллагын дээд удирдагч Исмаил Хания өнгөрсөн Лхагва гарагт Ираны шинэ ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд оролцсоныхоо дараа алагдсан юм.
Хэдийгээр өөрсдөө шууд хүлээн зөвшөөрөөгүй ч уг ажиллагааг Израилийн тусгай албад зохион байгуулсан гэж үзэж байгаа.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан АНУ-ын батлан хамгаалах яам Ираны болзошгүй хариу арга хэмжээнээс сэргийлэх зорилгоор агаарын цохилтын бие бүрэлдэхүүнийг Ойрх Дорнодын бүс нутагт илгээжээ.
Уг бүрэлдэхүүнд нисэх онгоц тээвэрлэгч хөлөг, байлдааны хөлөг онгоцнууд, сөнөөгч нисэх онгоцнууд багтсан байна.
Тухайлбал Пентагоны тэргүүн Ллойд Остины тушаалаар одоо Оманы буланд байрлаж буй USS Theodore Roosevelt цохилтын бүлгийг USS Abraham Lincoln бүлгээр сольж байрлуулахаар болжээ.
Мөн баллистик пуужин тээвэрлэгч байлдааны хөлгүүдийг Ойрх Дорнод болон Газар дундын тэнгисийн бүсэд шилжүүлэн байрлуулахаар болсон байна.
Энэ бүсэд байрладаг АНУ-ын тэнгисийн хөлгүүд өмнө нь дөрөвдүгээр сард Ираны талаас Израил улс руу харвасан пуужингуудыг устгахад оролцож байсан юм.
Эдгээрээс гадна Остин сөнөөгч нисэх онгоцны хоёр эскадрилийг тус бүс нутагт илгээх тушаал өгснийг Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Сабрина Сингх өчигдөр мэдээлжээ.
Одоо АНУ-ын десантын хөлөг онгоц USS Wasp шаардлагатай тохиолдолд Ливан дахь өөрийн иргэдийг нүүлгэн шилжүүлэхээр Газрын дундад тэнгисийн зүүн хэсэгт байрлаад байгаа юм.
Эх сурвалж: CNN