Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарц 169 метр урт, таван метр өндөр, есөн метр өргөн хоёр ширхэг төмөр бетон туннелийн байгууламжтай.
Явган хүний гарцын байгууламж 18 метр, нүхэн гарцын хойд туслах зам 425 метр, нүхэн гарцын урд туслах зам 252 метр, урд гол зам 1.2 метр, хойд туслах зам 90 метр урттай баригдаж байна.
Одоогоор барилга угсралтын ажлын явц 85 хувь үргэлжилж байгаа аж. Нийслэлийн төвийн дөрвөн хэсэгт төмөр замын доогуур нүхэн гарцтай болсноор авто замын босоо тэнхлэгийн шинэ сүлжээг бий болгоно.
Таван шарын төмөр замын гармын баруун талын нүхэн гарцаар хоногт 32,500 тээврийн хэрэгслийг нэвтрүүлнэ. Тээврийн хэрэгслийн нэвтрүүлэх чадвар 22.9 хувиар нэмэгдэх юм. Таван шар орчмын тухайн бүсийн авто замын түгжрэл 10.5 хувиар буурна.
Уг төслийг нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж хариуцан хэрэгжүүлж буй. Тус нэгж мөн дүүжин замын тээвэр “UBCABLE”, их багтаамжийн нийтийн тээвэр “UBMETRO”, тусгай замын автобусны сүлжээ “UBBRT”, нүхэн гарцын бүтээн байгуулалтын ажил тэргүүтэй зам, дэд бүтцийн “UBGREENGATE” төслүүдийг хэрэгжүүлж байна.
Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС