Дэлхийн Боксын Холбоо (World Boxing)-ны Ерөнхийлөгч Борис ван дер Ворст тэргүүтэй төлөөлөгчид Mongolia House-д зочилж, ирэх есдүгээр сард Улаанбаатар хотноо зохиогдох “Ulaanbaatar Cup” тэмцээний бэлтгэл ажилтай холбоотой уулзалт зохион байгууллаа.
Үүнээс өмнө Монголын Үндэсний Олимпын Хорооны (МҮОХ)-ны Ерөнхийлөгч, Олон Улсын Олимпын Хороо (ОУОХ)-ны гишүүн Б.Баттүшиг ноён Б.Ван дер Ворсттой тэмцээний талаар санал солилцож, Mongolia House-д зочлохыг урьсан билээ.
Уг уулзалтад манай улсыг төлөөлөн МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, МБХ-ны дэд ерөнхийлөгч М.Баянмөнх болон Боксын олон улсын шүүгч С.Баясгалан нар байлцав.
Энэ онд Улаанбаатар хотноо явагдах уг тэмцээн нь шинэ олимпын циклийн хамгийн эхний тэмцээн болно гэдгээрээ онцлог юм. Mongolia House-д явагдсан уг уулзалтад АНУ, Канад, Их Британи, БНСУ, Нигери, Нидерланд, Швед, Чехийн боксын холбооны удирдлагууд оролцлоо.
Дэлхийн боксын холбоо нь өнгөр оны дөрөвдүгээр сард боксыг олимпын хөтөлбөрт үлдээх нэн тэргүүний зорилготойгоор байгуулагдсан холбоо юм. ОУОХ нь IBA буюу Олон улсын боксын холбоог засаглал, санхүүжилт, шүүлтийн асуудалтай холбоотойгоор 2023 оны зургаадугаар сард гишүүнчлэлээсээ хассан.
Парисын олимпын боксын тэмцээнийг ОУОХ-ны тусгай нэгж зохион байгуулж буй. Одоогоор боксын спорт Лос Анжелес 2028 олимпын хөтөлбөрт багтах эсэх нь баталгаажаагүй байгаа юм.
Ташрамд дурдахад World Boxing олимпын наадам эхлэхтэй зэрэгцэн Итали, БНСУ, Бермудын арал, Кайманы арлын боксын холбоог гишүүнээр элсүүлснээ зарласан. Ингэснээр тус холбоо нийт 37 гишүүнтэй болоод байна. Монгол улс тус холбоонд элссэн анхны Ази тивийн төлөөлөл болсон билээ.
Эх сурвалж: Монголын Үндэсний Олимпын Хороо