НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Газын зурвасын асуудлаар Мягмар гаригт яаралтай хурал зарлажээ.
Тодруулбал, өнгөрсөн Бямба гаригт Израилийн агаарын хүчин Газын зурваст байрлах дунд сургуулийг бөмбөгдөж, дотор нь хорогдож байсан 100 гаруй хүн нас баран, олон арван хүн хүнд бэртсэн байна. НҮБ-ын Палестины асуудал хариуцсан агентлаг уг аймшигт үйл явдлын дараа гал зогсоохыг шаардсан бөгөөд олон улсын туслалцааг нэмэгдүүлэх журмаар хурал зарласан байна.
“UNRWA”-ийн ерөнхий комиссар Филипп Лазарини амиа алдсан хүмүүсийн талаас илүү хувь нь хүүхэд, эмэгтэйчүүд байсан гэж Бямба гаригт мэдээлжээ.
Тэрбээр “Бидний хяналт дор өрнөж буй үйл явдлыг таслан зогсоож, аймшигт аллагууд дуусах цаг нь болсон” гэж олон нийтийн сүлжээ дээр бичжээ.
НҮБ-ын Хүмүүнлэгийн хэрэг эрхлэх газар буюу “OCHA”-гаас гаргасан тайланд долдугаар сарын 4-ний өдрөөс хойш Газын зурвас дахь дунд сургуулиудыг Израиль 21 удаа бөмбөгдсөн.
Улмаар амиа алдагсдын тоо 274 болсон гэж бичигдсэн байна.
Израилийн хүчин Газын зурвас дахь энгийн иргэдэд хохирол учруулахгүй гэж мэдэгдэж байсан ч хорогдох байр, дүрвэгсдийн хуаранд цохилт өгсөн хэвээр байна. Тиймээс амлалтаа зөрчсөн Израильд хатуу хориг арга хэмжээ авах талаар ярилцаж магадгүй гэж шинжээчид үзэж байна.