Энэ оны арваннэгдүгээр сарын 1-нээс эрчим хүчний үнийг нэмж, уг салбарыг алдагдалгүй болгохоо Шадар сайд Т.Доржханд өнөөдөр мэдэгдлээ.
Тэрбээр хэвлэлийн хурлын үеэр эрчим хүчний салбарын бодит байдал, уг салбарт авч хэрэгжүүлэх бодлогын талаар сэтгүүлчдийн асуултад хариулсныг багцлан хүргэж байна.
-
Эрчим хүчний дутагдлыг нөхөхийн тулд нийлүүлэлтэд анхаарч байна. Тухайлбал Бөөрөлжүүтийн ЦС-ын эхний блок удахгүй ашиглалтад орно.
-
Эрчим хүч, дулааны алдагдалгүй орон сууц, хэрэглээг дэмжсэн хөтөлбөрүүдийг танилцуулна. Богино хугацаанд эрчим хүчний хязгаарлалт байна.
-
Манай улсын технологи хуучирсан, нийлүүлэлт хоцрогдолтойг бүгд мэдэж буй. Жил бүр эрчим хүчний хэрэглээ 7-8%-аар нэмэгдэж байна. Эрчим хүчний хэрэглээний өсөлтийг улсын төсвийн хөрөнгөөр шийдэх боломжгүй.
-
Эрчим хүчний салбарт хувийн хөрөнгө оруулалтыг татах эрх зүйн орчин, зах зээлийг бий болгох зайлшгүй шаардлагатай.
-
ОХУ, БНХАУ-тай харьцуулбал манай улсын эрчим хүчний тариф маш бага, байнгын татаастай. Тариф бага учир хөрөнгө оруулалт хийгддэггүй. Ирэх жилээс нийлүүлэлт нэмэгдэж, 2026 онд өөрсдийгөө эрчим хүчээр 100% хангах төлөвлөгөө боловсруулж байна. Энэ жилийн хувьд эрчим хүчний салбарын бодит байдал хүндрэлтэй байгаа нь үнэн.
-
Төсвийн тодотголоор таван том төсөлд гурван их наяд төгрөгийг зарцуулахаас нэг их наядыг эрчим хүчний салбарт зарцуулна. Үүнээс 500 орчим тэрбум төгрөгийг Улаанбаатар хот бонд гаргах байдлаар шийдэх асуудлыг хэлэлцэх шатандаа явж байна. Энэ долоо хоногт төсвийн тодотгол батлагдах хүлээлттэй.
-
Эрчим хүчний үнийн либералчлалыг зах зээлийн зарчимд оруулна.
-
Өнөөдрийн байдлаар алдагдалтай байгаа станцаас шалтгаалж, уурхай, нүүрс тээвэрлэлт ч алдагдалтай байгаа. Зах зээлийн үнээс бага үнээр эрчим хүчний нийлүүлэлт хийгдэж буй учир тарифын бодлогоор алдагдалгүй болгох зохицуулалтыг арваннэгдүгээр сарын 1-нээс хийнэ.
-
10 жилийн өмнө сэргээгдэх эрчим хүч үнэтэй буюу нэг киловаттыг 15-16 центээр өгч байсан бол одоо буурсан.Тухайлбал нарны эрчим хүчний үнэ түүхэн доод хэмжээндээ хүрсэн нь эрчим хүчний хямд эх үүсвэртэй болох боломжтой.
-
Батарейн станц, нарны хавтан угсрах, салхины эрчим хүч барих, усан цахилгаан станц барих нь том газар нутагтай манай улсын давуу тал. Гол хязгаарлалт нь тарифын асуудал байлаа.
-
Сэргээгдэх эрчим хүч, ногоон санхүүжилтийг татах, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх байдлаар эрчим хүчний дутагдлыг нөхөж, цаашид экспортлох бодлогыг Засгийн газрын түвшинд танилцуулахаар тохирлоо.