УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн (2024.08.27) хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж, гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлж байна.
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу “Тендерийн гэж нэрлээд байгаа хуулийг буцаан татах санал гаргасан. Зарчим нэгтэй гишүүдэд баярлалаа. Би төсвийн тодотголыг зарчмын хувьд дэмжихгүй байгаа. Монгол Улсыг хөгжүүлэхгүй байя гэх саналтай хүн энд нэг ч байхгүй, гэхдээ бид Монгол Улсыг хөгжүүлэхээс гадна байгаагаас нь дордуулахгүй байх үүрэгтэй. Тэгэхээр бид хурдан, яаралтай хөгжье гээд улс оронд улам өндөр эрсдэл дагуулах алхмуудыг хийж болохгүй гэдэг байр сууринаас энэ хуулийг буцаан татах санал гаргасан.
УИХ-ын дарга сая УИХ-ын гишүүд асуудлаа мэдэхгүй байна гэж хариуцлагагүй мэдэгдэл хэллээ. Мэдэж байгаа учраас хуулийг буцаан татъя гэсэн. Мэдэхгүй биш мэдүүлэхгүй байх сонирхол танай намын бүлэгт байгааг ил тод харж байна.
УИХ-ын Тамгын газрын ажил хангалтгүй байна шүү дээ, зохион байгуулалт, тоног төхөөрөмж гээд. Хууль тогтоох дээд байгууллагын зохин байгуулалт ийм байхад яах юм бэ. Үүнийг УИХ-ын дарга анхаарч ажилламаар байна” гэлээ.
Үүнд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Бүгд нийлж байж УИХ-ын үйл ажиллагаагааг эмх цэгцтэй, зөв авч явна. Өөрсдөөс хамаарах ажилдаа хариуцлагатай байх хэрэгтэй. Төхөөрөмж гацвал бүгд л гацна. Хувь хүний хурууны хээ хоцроод байгаа учраас саналаа өгч чадсангүй гэдэг хүсэлт гараад байна. Ийм учраас горимын санал гаргаад байгаа юм. Гишүүн бүр эрхээ эдлэх боломж, нөхцөлийг хангаж өгөх ёстой” гэж хариуллаа.