Дэлхийн 60 гаруй орон дахь Суурин төлөөлөгчийн газрууд болон Бүсийн оффисоороо дамжуулан улс орнуудад тулгамдаж буй нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын хариу арга хэмжээг хамтран хэрэгжүүлж, чадавхийг бэхжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг АНУ-ын CDC (Өвчний Хяналт Сэргийлэлтийн Төв) болон УОК хооронд хамтын ажиллагааг хөгжүүлэх шинэ боломжууд нээгдлээ.
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, хатагтай Ричард Буанган, ЭСЯ-ны Нэгдүгээр нарийн бичгийн дарга Абел Ломакс болон USAID байгууллагын суурин төлөөлөгч Том Грехан, АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвийн Токио дахь оффисын Бүсийн захирал, хатагтай Мишель МакКоннель, АНУ, Атланта хотын төв оффисын Даян Дэлхийн Эрүүл Мэндийн нэгжийн дэд захирал Майк Гербер тэргүүтэй албаны төлөөлөлтэй энэ асуудлаар өнөөдөр ажил хэргийн уулзалт хийлээ.
Монгол Улс ба АНУ-ын Өвчний Хяналт Сэргийлэлтийн Төвийн хамтын ажиллагаа 2023 оноос эрчимжиж, тус төвийн Нийгмийн Эрүүл Мэндийн Ноцтой Байдлын менежментийн 3 сарын хөтөлбөрт ХӨСҮТ-өөс анх удаа 2 мэргэжилтэн хамрагдсан бол өдгөө мөн 2 мэргэжилтэн суралцаж байна.
Тэгвэл энэхүү хамтын ажиллагааг илүү өргөжүүлэн хөгжүүлэх хүрээнд нийтийг хамарсан халдварт өвчин, тахал, гамшиг ослын үед бэлэн байдлыг хэрхэн хангах, хэрхэн урьдчилан сэргийлэх зэрэг асуудлаар Онцгой байдлын байгууллага болон Эрүүл мэндийн байгууллагууд хэрхэн үр дүнтэй хамтран ажилладаг талаарх АНУ-ын туршлагыг Монголд нэвтрүүлэх, хамтарсан судалгаа шинжилгээ, дадлага сургалт хийх зэрэг асуудлаар харилцан санал солилцож, нэгдсэн шийдэлд хүрлээ.