Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн ирэх аравдугаар сарын 11-нд болно.
Үүнтэй холбоотойгоор Хотын даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг мэдээлэл хийлээ.
Тэрбээр, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд нийслэлийн Ардчилсан намаас нэр дэвшиж буй зарим хүн хууль зөрчиж, иргэдийг хуурч байна гэсэн юм.
Тодруулбал тэрбээр, сонгуульд нэр дэвшигчид хууль зөрчиж, иргэдийг татах зорилгоор худал ташаа мэдээлэл тарааж байна.
Нийслэлийн АН-аас нэр дэвшиж буй Т.Батцогт, О.Батханд тэргүүтэй залуучууд сонгуулийн сурталчилгааны хугацаа албан ёсоор эхлээгүй байхад сонгогчдын саналыг татах зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Х.Баттулга гэдэг хүнтэй хамтран зах худалдааны төвөөр явж, иргэдийг ташаа мэдээллээр төөрөгдүүлж байна.
Сонгуульд санал авах зорилгоор хуулийн төсөл танилцуулж байгаа мэтээр явж байгаад миний бие харамсч байна. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн 47 дугаар зүйлд хууль бус сурталчилгааг хориглох заалт бий. Үүнд, орон нутгийн сонгуулийн жил эхэлснээс хойш санал авах өдрийг дуустал, эсвэл нөхөн авах ээлжит сонгуулийн тухайд сонгуулийн тов зарласан, шийдвэр гарснаас хойш санал авах өдрийг дуустал аливаа этгээд /нэр дэвшигч, улс төрийн албан тушаалтан Х.Баттулга гуай ч хамаарна/ сонгуулийн сурталчилгааг хийх, сонгогчдын санал авах, татах зорилгоор дараах үйл ажиллагааг явуулахыг хориглоно гэж заасан.
Ингэхдээ хишиг, хувь, хувьцаа өгөх, ажлын байранд зуучлах, ажилд оруулах зэргээр амлалт өгөх.
Өөрөөр хэлбэл сонгогчдод ямар нэгэн байдлаар давуу тал болгох амлалт өгч болохгүй гэж хуульд заасан.
Мөн тус хуулийн 47.5 дугаар зүйлд зааснаар сонгуулийн сурталчилгаа явуулах эрх бүхий этгээд буюу нэр дэвшигчид, сонгуулийн сурталчилгааны ухуулагч, менежерүүд сурталчилгааны явцад дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно. Зөвшөөрснөөс бусад хугацаанд сонгуулийн сурталчилгаа хийхийг хориглохыг тусгасан.
Сонгуулийн сурталчилгаа есдүгээр сарын 26-нд эхэлнэ. Гэтэл энэ хугацаа болоогүй байхад ухуулга хийж эхэлж байна. Ийм хууль бус сурталчилгаа хийж байгааг иргэд ойлгох ёстой. Хүүхэд хөгжлийн карт буюу 30 мянган төгрөгийн карт тараана гэж байгаа. Энэ хуулийн төслийг санаачилсан гээд байгаа ч хуулийн төсөл байдаггүй. УИХ-д өргөн барьсан хуулийн төслүүдээс би хайлаа. Тэгсэн чинь Х.Баттулгын хэлээд байгаа төсөл УИХ-д өргөн барьсан хуулийн төслүүд дунд байхгүй байна. Тиймээс энэ бол иргэдийг төөрөгдүүлж байгаа хэлбэр. Тус хуулийн төслийн тухайд санаачилж буй, боловсруулж байгаа хэсэгт хуулийн төсөл биш Хүүхдийн эрхийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах тогтоол гэж байгаа юм. Тэгэхээр анхнаасаа иргэдийг төөрөгдүүлж, хуулийн төслөө УИХ-ын намрын чуулганаар хэлэлцүүлэх гэж байгаа мэт худал мэдээлэл тарааж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл.
Х.Баттулга өмнө нь улсад ашигтай нэг хууль санаачилж байсан юм уу. Үргэлж улс орны эдийн засгийг хорлосон хуулийн төсөл л санаачилж байсан.
Шулуухан хэлбэл, ахмадын тэтгэврийн зээлийг тэглэх хуулийн төслийг санаачилсан гэж авторладаг. Үүгээрээ улс оронд ямар их хэмжээний хохирол учруулаад байгааг иргэд мэдэх нь зөв. Х.Баттулга гэдэг хүн энэ зун УИх-ын сонгуульд хангайн бүсээс дэвшихдээ нэр бүхий нэр дэвшигчдийн хамт мөн малчдын зээл тэглэнэ гэж хууль зөрчиж явсан. Энэ хүний хууль зөрчилтийг хаана, хэн хэлж анхааруулах вэ. Монгол Улсын эдийн засаг дөнгөж сэргэж, тогтворжиж байхад ингэж хорлож, асуудал гаргаж болохгүй.
Өр зээлийг тэглэнэ гэдэг залуу хойч үе л төлнө гэсэн үг.
Дэмжлэг, тэглэлт, бодит хувь нэмэр огт биш. Улам хүнд ачааг л бий болгож байна.