Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаан /2024.10.23/ 12 цаг 30 минутад, гишүүдийн 56 хувийн ирцтэй эхэлжээ.
2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар, Д.Ганбат, Ч.Анар, Э.Болормаа, Б.Жаргалан, Ж.Баярмаа,Х.Жангабыл нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.
Тэд батлан хамгаалахын салбарт дотоодын нийт бүтээгдэхүүний хэчнээн хувийг төсөвлөж байгааг тодруулахын зэрэгцээ энэ салбарт шинэ барилга байгууламж нэмэгдэхгүй, хуучин нь урсгал засвар хийх нэн шаардлагатай, орчин нөхцөл тааруу байгаагийн шалтгааныг лавлав.
Мөн залуусын цэргийн алба хаах сонирхлыг нэмэгдүүлж, тэднийг алба хаах хугацаанд хөгжүүлж, мэргэжил олгоход чиглэсэн бодлогын арга хэмжээ авахаар төлөвлөсөн эсэхийг тодрууллаа. Түүнчлэн Дипломат төлөөлөгчийн газрууд шинэ зах зээл эрэлхийлэх, аж ахуйн нэгжүүдийн экспортыг дэмжихэд шинэ боломжийг нээх, зуучлах энэ чиглэлээр ямар арга хэмжээ авч ажиллаж буй талаар тодруулав.
Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт хариултдаа, энэ салбарын төсөв бусадтай нь харьцуулбал харьцангуй бага байдаг. Судалгаа хийж үзэхэд батлан хамгаалахын салбартаа хамгийн бага төсөв зарцуулдаг улс орнуудаас даруй 3-4 дахин бага төсөвтэй байгаа нь харагдсан. Батлан хамгаалахын сайдын 2025 оны багцад 20 тэрбум төгрөг төсөвлөгдсөн нь Сангийн яам, Засгийн газарт тодорхой нөхцөл байдлаа ойлгуулж, хөрөнгө оруулалтын хувиа нэмэгдүүлсэнтэй холбоотой гэлээ.
Мөн залуусын хугацаат цэргийн алба хаах сонирхол ихээхэн буурч байгаа. Залуусыг хугацаат цэргийн алба хаах хугацаанд нь цэргийн эрдэмд суралцуулахаас гадна англи хэл, компьютерын анхан шатны мэдлэг олгох, жолооны курст суралцуулах зэргээр хэтдээ ажил, амьдралд нь хэрэг болох, боломж олгоход нь анхаарч, тодорхой ажлууд хийхээр төлөвлөж байна гэв.
Түүнчлэн нийт анги, салбарт ашиглаж байгаа барилга, байшингийн 80 орчим хувь нь 50-иас дээш жилийн насжилттай, их засвар хийх шаардлагатай, ашиглаж байгаа машин механизм, тоног төхөөрөмжүүдийн тодорхой хувь нь элэгдэл, хорогдолд орсон.
Эдгээрийг бүрэн шинэчилж, залуучуудыг цэргийн алба хаах нөхцөл бололцоог бүрэн хангахад төсөв, мөнгө маш их шаардлагатай гэв.