ЮНЕСКО-гийн итгэмжит Нүүдэлчин Зам Холбоо дэлхийн хөгжим урсгалын олон улсын хамгийн том экспо болох ВОМЭКС-т Монгол урлаг, соёлоо төлөөлөн оролцож байна.
Продюсер, куратор, уран бүтээлч, техникч, тайз, фестиваль, дуу бичлэгийн студи, түгээлт гээд олон улсын язгуур урлаг, соёлын нийлмэл хөгжмийн салбарын бүхий л талыг хамарсан 100 гаруй орны 2500 гаруй төлөөлөгч хуран цугласан энэ том арга хэмжээнд буй цорын ганц монгол бүхээгээрээ дамжуулж, Нүүдэлчин Зам Холбооны уран сайхны удирдагч Жоанни Кюртэ, продюсер Шагдарсүрэнгийн Номиндарь нар Монгол хөгжим болоод соёлын биет бус өвийн олон гайхалтай төсөл, уран бүтээлчдээ танилцуулж байна.
Вомэкс экспо нь энэ онд 30 жилийн ойгоо тэмдэглэж буй бөгөөд, жил бүр Европын хотууд өрсөлдөн уг яармагийг хүлээн авдаг ба, энэ удаад хүн төрөлхтний түүхнээ аж үйлдвэржилтийн анхдагч хот болсон, дэлхийн 200 гаруй орны хэл соёл сүлэлдсэн Манчестер хот ийнхүү хүлээн авч буй билээ.
Сануулахад, Нүүдэлчин Зам Холбоо нь 2006 оноос хойш Барууны үзэгчдэд Монгол урлаг соёлыг сурталчлан таниулах олон талт арга хэмжээг зохион байгуулж ирсэн бөгөөд, Францын Ноонт хотноо зохион байгуулагдсан “Чингис Хаан. Монголчууд Дэлхийг Өөрчилсөн нь” үзэсгэлэнгийн монгол соёлын улирлын 6 сарын арга хэмжээг хариуцан ажилласан билээ.
Уг холбоо нь 2006 оноос хойш 40 гаруй монгол уран бүтээлчдийг дэлхийн 16 улс оронд урин тоглуулж, дагалдах соёлын зуучлалын арга хэмжээ, үйл ажиллагааг зохион байгуулаад байна.