Уур амьсгалын өөрчлөлт хүнийг нойргүйдэлд хүргэж байна гэж “Lancet” сэтгүүл сүүлийн үеийн судалгаандаа онцоллоо. 1986-2005 оны үетэй харьцуулахад шөнийн агаарын хэм нэмэгдсэний улмаас дэлхий даяар хүмүүсийн нойргүйдэх нь сүүлийн таван жилд таван хувиар нэмэгдсэн байна. 2023 онд дэлхийн хамгийн халуун жил болох үед нойргүйдлийн түвшин зургаан хувиар өсөж, оргил цэгтээ хүрч байжээ.
Дэлхийн олон улсад шөнийн агаарын хэм өдрийнхөөс хурдацтай дулаарч байгаа юм. Шөнө хэт халуун бүгчим байх үед хүний нойр алдагдаж, өдөр нь халсан бие хөрж чаддаггүй сөрөг талтайг судлаачид онцолж байна.
Хэт халалт, ган гачиг, хүчтэй аадар бороо хүний эрүүл мэндэд улам сөргөөр нөлөөлж байгааг “Lancet”-ийн судалгаа харуулж байгаа аж.
Түүнчлэн хэт халууны улмаас 2023 онд дэлхий дахинд ажлын 512 тэрбум цаг алдагдсан гэсэн тооцоо гарчээ. Мөн 65-аас дээш насны хүмүүсийн дунд хэт халалтаас үүдсэн нас баралт түүхэнд байгаагүй өндөр дүнд хүрч,1990-ээд оны үетэй харьцуулахад 167 хувиар өссөнийг дээрх тайланд онцолсон байна.
Bloomberg tv Mongolia