Цахим хөгжил, инновац харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Интермед эмнэлгийн сервер барьцаалагдсан асуудлаар дараах тайлбарыг өглөө.
Тэрээр “Интермед эмнэлэг дээр дөрвөн мэргэжилтэн ажиллаж, барьцаалагдсан есөн серверийг нөхөн сэргээх, нээх ажлыг хийж байна.
Есөн серверийг барьцаалсан баг Европын олон эмнэлгийн мэдээллийг барьцаалж байсан юм билээ.
Арваннэгдүгээр сарын 13-нд Монголд үйл ажиллагаа явуулж байгаа эрүүл мэнд, боловсрол, хувийн эмзэг мэдээллийг хадгалдаг дамжуулдаг бүх байгуллагад сургалт зохион байгуулсан. 2022 оны Засгийн газрын 207 дугаар тогтоолд онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагын жагсаалт гаргахдаа 200 гаруй байгууллагыг гаргасан.
Энэ жагсаалтыг илүү нэмэгдүүлэх шийдвэр өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас гарсан.
Кибер халдлагыг давтуулахгүйн тулд маш олон байгууллага ажиллаж байна. Мэдээлэл хариуцагч байгууллагын удирдлага нь кибер халдлагыг Монголоос хол зүйл гэж боддог нь алдаанд хүргэж байна. IT чиглэлийн хүн бус кибер аюулгүй байдлын мэргэжилтэн ажиллуулах шаардлага тулгарч байна. Мөн мэдээлэл хариуцагч байгууллага дээрх тохиолдолд хуулийн хариуцлага хүлээдэг гэдгийг ойлгох хэрэгтэй. Кибер аюулгүй байдлын ажилтныг зайлшгүй авч ажиллуулах шаардлага тулгарч байна. Кибер залилан гэмт хэрэг дэлхий даяар нэмэгдэж байгаа учраас бид нар илүү сайн ажиллах шаардлага байна. Үүний тулд байгууллага бүр кибер аюулгүй байдлаас хамгаалах эрсдэлийн үнэлгээг жил бүр хийлгэж байх шаардлагатай.
Энэ чиглэлээр ажилладаг 33 байгууллага Монголд байна.
Интермед эмнэлгийн есөн серверийн файл барьцаалагдсан, файл сэргээгдээд эхэлсэн.
Одоохондоо ийм хүмүүсийн мэдээлэл алдагдсан байна гэдэг дүгнэлт хийх болоогүй байна. Ирэх долоо хоногт дүгнэлт эцэслэн гарна.
Яагаад гэвэл энэ бол хувь хүний эмзэг мэдээлэл. Үйл ажиллагаа хэвийн болсон.
Халдлагын баг 50 мянган ам.доллар нэхсэн асуудлыг Тагнуулын ерөнхий газар шалгаж байна. Би энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй” гэв.