УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
Хуралдаанаар Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
Хэлэлцүүлэг өрнүүлэх үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
Үүгээр УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, “Намыг шинэчилнэ, шинэ шатанд гаргана гэж энэ хуулийг хийсэн. Гэтэл хөл толгой нь олддоггүй, цэгцэрдэггүй чигээр 2027 он хүртэл үргэлжилнэ гэвэл утгагүй. Энэ бол нам хийгээд Монголын парламентын засаглалын эрх ашиг. Үзэл санааны бүхэл бүтэн нэг жигүүр эзлэх ёстой нам маань сэхээтэн давхаргын, бизнес эрхлэгчдийн, залуусын саналыг авч чадаагүй. Гэтэл сайн сайхан ярьсан зүйлс маань 2027 он хүртэл хойшлох гээд байна. Хамтарсан засагт ороод намууд хоорондоо ялгаагүй болчихлоо. Эцэстээ монгол төрийн үнэлэмж, парламентын засаглалын асуудал болж хувирах вий гэж санаа зовж байна. Хуулиа хэрэгжүүлж, ашиглая л даа гэж үзэж байна. Иймд хууль хойшлуулахыг дэмжихгүй байгаа гэдгээ хэлье” гэлээ.
Ташрамд,
Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлд:
- “Нам өөрийн дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтыг Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-тай нийцүүлэх арга хэмжээг 2024.07.01-ний өдрөөс хойш зургаан сарын дотор авч хэрэгжүүлэх бөгөөд уг өөрчлөлтийг Улсын дээд шүүхэд 30 хоногийн дотор хүргүүлнэ” гэж заасан байдаг.
Дээр заасан хугацааг 2027.08.01 болгож өөрчлөхөөр тусгаад байгаа юм.