“Тавантолгой түлш” ХХК-ийн менежмент арванхоёрдугаар сарын 1-нээс нийслэлд шилжиж байна. Иймд өчигдөр болсон Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай хурлаар тус үйлдвэрийн санхүүгийн байдлыг хэлэлцэж, дараах шийдвэрийг гаргасан байна.
Энэ онд сайжруулсан түлшний үнийг өөрчлөхгүй. Ирэх оны зургаадугаар сарын 1-нээс түлшний тарифыг шинэчилнэ.
2025 оны зургаадугаар сарын 1-нээс нийслэлийн төсвөөс жил бүр 60 орчим тэрбум төгрөгийг татаас болгож агуулах, тээвэрлэлтийг борлуулалтын өртөг дээр нэмээд сайжруулсан түлш борлуулагчид өөрсдөө хариуцна.
Мөн үйлдвэрийн шигшүүрүүдийг яаралтай ажилд оруулна. Нийт мидлингийн 30-35 хувийг шууд савлах боломжтой. Тиймээс мидлингийг савлаж, одоо байгаа өртгөөр нэгдүгээр сараас албан ёсоор худалдаанд гаргаж эхэлнэ.
Эдгээр арга хэмжээг хэрэгжүүлснээр үйлдвэрлэлийн алдагдлыг бууруулна. Хотын дарга Х.Нямбаатар “Нүүрс бол нүүрс. Нүүрс түлбэл утаа гарч, утаа агаарын бохирдлыг бий болгох нь өөрчлөгдөхгүй. Олон төрлийн яндангууд, өсөн нэмэгдсэн тээврийн хэрэгслийн тоо утаанд голлон нөлөөлж байгааг хэдийнэ судалсан. Утаа шингэрсэн гэж иргэдийг хуурч болохгүй. Агаарын бохирдлыг шийдэхэд бүх талаасаа хичээж оролцох хэрэгтэй” гэжээ.
Өнгөрсөн хугацаанд сайжруулсан түлш хэрэглэгчийн тоо арван хувиар өссөн ч үйлдвэрлэл 200 мянган тонноор нэмэгджээ. Үүнд технологийн хяналт оруулна. Түгээх явцад нүүрсний хулгай гараад байна уу гэдгийг хянах юм байна. Үүний тулд Улаанбаатар руу орж, гарч байгаа бүх постод хиймэл оюун ухааны гарцуудыг энэ ондоо захиалж ирүүлэх шийдвэрийг гаргажээ.