Монголбанкны Мөнгөний бодлогын хороо арванхоёрдугаар сарын 12, 13-нд хуралдаж, бодлогын хүүг 10 хувьд хэвээр хадгалах, гадаад валютын нөөцийн хэмжээг 1 нэгж хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргасан байна. Энэ талаар Монголбанкнаас өнөөдөр /2024.12.13/ мэдээлэл хийлээ.
Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн:
-Энэхүү бодлогын шийдвэрийг гаргахад гадаад, дотоод орчны нөхцөл байдал ирээдүйн төлөвийг харгалзан үзсэн болно. АНУ, Европ, Англи зэрэг томоохон эдийн засагтай орнуудад мөнгөний бодлого зөөлрөх чиглэлд өөрчлөгдөж байгаа нь глобаль эдийн засгийн байдалд эерэгээр нөлөөлж байна. Гэхдээ геополитикийн хурцадмал байдлыг дагасан гадаад орчны тодорхой бус байдал өндөр үргэлжилсэн хэвээр байна. Хятадын ирэх оны эдийн засгийн төлөвийн талаар гаргасан эдийн засагчдын шинжээчдийн дүгнэлт өөдрөг бус байгаа нь экспортын нүүрсний эрэлт, үнийг бууруулж болзошгүй гэж болгоомжилж байна.
Инфялци өнгөрсөн аравдугаар сард 7 хувь байсан бол арваннэгдүгээр сард улсын хэмжээнд 8.1 хувь болж өсч гарсан. Энэхүү өсөлт нь цахилгааны үнийн нэмэгдэлтэй холбоотой бөгөөд цахилгааны үнэ аравдугаар сард жилийн инфляцийн 0.6 нэгж хувийг бүрдүүлж байсан бол арваннэгдүгээр сард 1.9 нэгж хувийг бүрдүүлж байна.
Дотоод эрэлт, цалингийн өсөлтийн нөлөөгөөр үйлчилгээ, түрээсийн импортын барааны үнэ хүлээлтээс өндөр өссөн нь инфляци өсөхөд нөлөөллөө гэж үзэж байна.
Цаашид төрийн зохицуулалттай үйлчилгээний үнийн өсөлтийн дам нөлөө төсвийн тэлэлт, дотоод эрэлтийн идэвхжлийг даган эрэлтийн шалтгаантай үнийн дарамт нэмэгдэхээр байна.
Эдийн засгийн өсөлт энэ оны III улиралд хүлээлтээс бага буюу 3.9 хувьтай, оны эхний гурван улирлын байдлаар 5 хувьтай гарсан байна. Эдийн засгийн өсөлт удааширхад зэс, алтны олборлолт хүлээлтээс бага гарсан нь нөлөөллөө.
Өрхийн болон төрийн байгууллагын хэрэглээ нэмэгдэж, өсөлтийг тэглэсэн хэвээр байна. Харин хэрэглээ, хөрөнгө оруулалтын импорт эрчтэй өссөн нь өсөлтийг сааруулах нөлөө үзүүлж байна. Уул уурхай, барилга, боловсруулах салбарын үйлдвэрлэл өмнөхөөс саарч байгаа зэргийг харгалзан, энэ оны эдийн засгийн өсөлтийн төсөөллийг 5.2 хувь болгон бага зэрэг буурууллаа.
Ирэх онд төсвийн төлөв сулрах, Оюутолгойн зэсийн үйлдвэрлэл эрчимжих, зудын нөлөө арилах зэргээс шалтгаалан эдийн засагийн өсөлт эрчимжиж 7-8 хувьтай гарахаар байна. Түүнчлэн мега төслийг хэрэгжүүлэхдээ оновчтой эрэмбэлж, эдийн засгийн потенциалтай уялдуулан санхүүжилтийн эх үүсвэрийг гадаад эх үүсвэрээр хэрэгжүүлэх нь макро тогтвортой байдлыг хадгалахад чухал нөлөө үзүүлнэ гэж Монголбанк үзэж байна.
Гадаад эрэлт энэ онд таатай хэвээр байж, зээлжих зэрэглэл сайжирч гадаад зах зээл дээрх хүү буурч байгаа зэрэг нь валютын орох урсгалыг дэмжиж, төгрөгийн гадаад валюттай харилцах ханш тогтвортой байх гол нөхцлийг бүрдүүлж байна.
Гэхдээ эдийн засгийн идэвхжил, төсвийн зардлын өсөлтөөс шалтгаалан импортын өсөлт эрчимжиж байгаа. Энэ нь валютын гадагшлах урсгалыг идэвхтэй нэмэгдүүлж байгаа болно. Цаашид дэлхийн зах зээл дээрх эрдэс бүтээгдэхүүний үнэ, худалдааны түнш орнуудын эдийн засгийн нөхцөл байдлаас гадаад эрэлт ихээхэн хамаарна. Төсвийн тэлэлт, Засгийн газраас хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа төслүүд хэрхэн санхүүжих нь төлбөрийн тэнцэл гадаад валютын албан нөөцийн цаашдын төлөвийг тодорхойлно. Инфляци энэ онд зорилтот түвшнээс давхаар байгаа ч 2026 оноос эхлэн зорилтын орчимд тогтворжихоор байна.
Иймд зээл санхүүжилтийн нөхцлийг хэт хатууруулахгүй байж, дунд хугацаанд тогтвортой өсөлтийг хадгалах зорилгоор Монголбанкны Мөнгөний бодлогын хорооноос бодлогын хүүг 10 нэгж хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргасан болно.
Банкны салбарын зээлийн өсөлт эрчимжсээр байгаа нь хэрэглээний импорт, дотоод эрэлтийг өдөөх, цаашлаад санхүүгийн салбарт эрсдэл хуримтлагдахад хүргэж болзошгүй байна.
Иймд Мөнгөний бодлогын хороо зээлийн хэт өсөлтөөс сэргийлж, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хадгалах зорилгоор банкуудын төгрөгийн болон валютын заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 1 нэгж хувиар тус бүр нэмэгдүүлж, 11 болон 16 хувьд хүргэх шийдвэр гаргасан болно. Эдгээр багц бодлогын шийдвэр нь инфляцийг дунд хугацаанд зооилтот түвшинд тогтворжуулах, эдийн засаг санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах зорилттой нийцтэй болно.
Монголбанкны зүгээс эдийн засгийн сэргэлт, инфляцийн төлөв, нийлүүлэлтийн хүчин зүйлс, олон улсад болж буй өөрчлөлтүүдтэй уялдуулан Мөнгөний бодлогын дараагийн алхмыг тухай бүрт нь хэрэгжүүлэх болно гэлээ.