Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан (2025.02.03) Ховд аймгийн Алтай, Үенч суманд ажиллаж, иргэдэд Улсын Их Хурлын бодлого, үйл ажиллагааг тайлагнан, хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцжээ.
Ховд аймгийн Алтай, Үенч сум нь Улаанбаатар хотоос 1500 гаруй километрийн зайд байрладаг ба алслагдмал сумын иргэд Улсын Их Хурлын бодлого, үйл ажиллагаа, баталсан хууль тогтоомжуудын талаар ийнхүү танилцуулж, санал хүсэлтийг нь сонсож байгаад талархаж байгаагаа илэрхийлэв.
Үенч суманд энэ жил цэвэр, бохир усны болон дулааны шугам сүлжээ, Хөшөөтийн уурхайгаас Үенч сум хүртэлх 35 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын өргөтгөл байгуулахаар төлөвлөж, шаардлагатай санхүүжилтийг улсын төсөвт тусгасан юм. Ингэснээр Үенч сум эрчим хүчний хязгаарлалтгүй болж, үйлдвэрлэл эрхлэх нөхцөл бүрдэнэ.
Иргэд цахилгааны үнэ 30 хувь нэмэгдэнэ гэсэн ч огцом өсч, авч буй цалингийнхаа талыг цахилгааны төлбөрт өгч байгаагаа хэлж, энэ асуудалд шүүмжлэлтэй хандаж байв. Цахилгааны төлбөрийн огцом нэмэгдлийг шалгуулж, тодруулахаар Засгийн газарт хандана гэлээ.
Улсын Их Хурлын даргын зүгээс 126 гишүүнтэй парламент алс хязгаар нутагт амьдран суугаа иргэдийнхээ санал хүсэлтийг байнга сонсож, төрийн эрх барих дээд байгууллагад дуу хоолой нь болж, анхаарлаа хандуулан ажиллана гэлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.