Нэг үеэ
бодвол иргэд автобусанд картаа уншуулаад түүртэхгүй явчихдаг болсон байна. Мөнгө
тоолж, хариулт хүлээж, урд хаалган дээр түгжрэл үүсгээд л \”U money” систем нэвтрэхэд хүндрэл бэрхшээлүүд олон байсныг
бодоход бас ч гэж учиртай болжээ.
Гэвч
бас л асуудал байна. Өнөөдөр автобусны картаа тултал нь цэнэглээд явах
боломжтой хүн байхад нэг удаагийн 500 төгрөгөөр цэнэглэх хүн ч байна. Гэтэл
зарим автобусны буудал дээр тухайн картыг цэнэглэх үйлчилгээ байхгүй байгаа нь
өөрөө нэгэн хүндрэлийг бий болгож байна. Жишээ нь 120 мянгатын автобусны буудал
дээр карт цэнэглэх үйлчилгээ алга. Мөн 11 дүгээр хороололд ч алга. Ингээд л
иргэд автобусаар үйлчлүүлэхдээ нөгөө цэнэглэдэг газрыг нь хайж дэвэн дэлхийг
тойрох нь холгүй болох юм.
Уг нь
энэ асуудлыг шийдвэрлэхэд тийм ч их хүндрэл учраад байхгүй. Оны өмнө сүр
дуулиантайгаар автобусны буудалд байрших ТҮЦ-нүүдийг нүүлгэж байсан. Тэгвэл
тэдгээр ТҮЦ-нүүд өнөөдөр буцаж буурин дээрээ байршаад л үйл ажиллагаагаа явуулж
байна. Тэгвэл эдгээр ТҮЦ-нүүдэд автобусны буудал дээр үйл ажиллагаа явуулах гэж
байгаа бол карт цэнэглэдэг байх шаардлагатай гэсэн үүрэг өгчихөд л болмоор
санагдаад байгаа юм.
120
мянгатын автобусны буудал дээр дөрвөн ТҮЦ одоогоор ажиллаж байна. Гэвч эдгээрт
ширхэгийн тамхи, бохь, чихрээс өөр зүйл алга. Өмнө нь яарч яваад задгай
мөнгөгүй тохиолдолд шаардлагаар чихэр, бохь зэргийг худалдан авч мөнгөө
задлуулж, автобусаар зорчдог байлаа. Одоо автобусаар зорчиход бэлэн мөнгө
шаардлагагүй болсон учраас ТҮЦ-нүүдэд ч албан шаардлагаар мөнгө задлуулах
хүмүүс багассан болов уу. Тэгэхээр автобусны буудал болгон дээрх ТҮЦ-ийг карт
цэнэглэгч үйлчилгээ эрхлүүлдэггүй юм аа гэхэд ядаж нэг нь карт цэнэглэдэг л
болчихмоор байх юм. Тэгвэл мөнгөө барьчихаад автобуснаас хөөгдөж буугаад байгаа
хүмүүсийн нэг асуудал шийдэгдэх биз. Мөн картаа цэнэглэх гээд хоёроос гурван
буудал газар алхах ч шаардлагагүй болно гэж бодогдож байна.