Бүргэд жаргах нарны шунхан улаан туяанд уул титэмлэн сууж, он жилүүдийг эгшээн, амьдын хорвоогийн юу бүгдийг зулай нүцгэртэл бясалгаснаа өтлөхийн үзүүр өндөр тэнгэртээ нисэн гарч, эх бөмбөрцгөө бүтэн нэг харахыг энэхэн насны хамгийн дээд жаргал хэмээн санадаг ажээ.
Тэрбээр алтан шаргал нүд өргөн, амин хайртай нутаг усаа хэдэнтээ харуулдан шинжиж, эх нутгийнхаа сүүн цэнхэр амьсгалыг санан санан залгилснаа бодлынхоо зүг эвэр хошуу сунган хүдэр том биеээ задартал шигшиж, шандаст хоёр савар нь нутгийнхаа шорооноос базагдан хүч авч, босохын тэнцэлд улам өргөгдөөд, хүчит хос жигүүр нь салхи шилгээн даялж, хүндийн төвөө тэнцүүлсээр газрын хүйснээс дүрэлзэн босож, гүн цэнхэр огторгуйд хөвөн хөөрлөө.
Бүргэд хан тэнгэртээ эрхлэн ниснэ. Сүүдэр нь эх газрыг тэврэн мөлхөнө. Эзэн бодол биеийг өргөхөд эцэг тэнгэр урам хайрлаж, дээш хөвөн доошоо живж, нар салхийг үнсэн, хамаг махбодь нь тавиураад, амьдын хорвоогийн нэгэн насны учралууд нь үлгэр шиг, зураг шиг …
Бүргэд хилгүй ниснэ. Тэр санасан зүгтээ чөлөөтөй нисэж чаддаг тэнгэрлэг заяандаа итгэж, хязгааргүйн дунд хязгаартай хүчин чадлаа шавхаж, арван зүгийн алс тэртээд нүд хаяж, агсамнан цамнах согтуу салхийг нүд хамхин шувталж, эрчлэн эвхрэх бараан үүлсийг жигүүр хумин зүсээд, угсран зандчих аянга ниргэлгээнээс ухаан самбаалгаар зайлж хөх мөнгөн тэнгэрийг эзэгнэн ниснэ.
Бүргэд хашхирч ниснэ. Уулан цуурай залгалдаж, усны цалгиа өртөөлөн, амь насны уртгал эгшиг чавхадна. Ургамлын үндэс хэлхэлдэж эх бөмбөрцгөө тэвэрнэ. Нүүдлийн салхи үе үе сэвгэнэж, тэнгэрийн санааг цаг цаг уншина.
Бүргэд зүүдэлж ниснэ. Тэр холын зайд эх бөмбөрцөг эрхийн чинээн номин цэнхэр үрэл болж нүдний үзүүрт бөртөлзнө. Их тэнгэрийн эрхээр эзэн бие зүүд зэрэглээн дунд торгон мэдрэмжээ алдан, ухаагүй урван хөрвөж, өөрийгөө додомдож чадахгүй болоод, яг л ээжийнхээ өвөрт байсан тэр цаг шиг хан тэнгэрийн өвөрт нэгэн тэргэл зүүд болон амгалан жаргав.
Тэр амтат сайхан зүүдэндээ төрөл юүлж, цагаан шонхор шувуу тонхорлоод нисэж байна. Өд өрвөлөг нь цасан цэцэг лавсласан эх бөмбөрцгөө тэвэрч бууна. Араг цагаан яс мөч нь наран сацрагаар хэлхэгдэн зурхай эргэж нүүдэллэнэ. Амин цэнхэр аялгуу нь тэнгэрийн бичиг унших мэт донгодож ниснэ.
Хүмүүн хорвоод чухам \”Юу ч болоогүй юм шиг” хэлдгээ хэлж, хийдгээ хийж, явахаараа яваад …
Зохиолч: С.Рашням
Эх сурвалж: solongonews.mn