МАН-ын бага хурлаар ерөнхийлөгчид нэр дэвшихээр горилсон хоёр эрхэм болох
Ц.Нямдорж, М.Энхболд нар дээр санал хураалт явуулж нийт санал өгсөн 259 хүний
222-ийнх нь буюу 85.7 хувийн саналаар намын дарга М.Энхболдыг нэр дэвшүүлэхээр
боллоо. Хэдийгээр намын генсек нь дотоод ардчилалын талаар байн байн ярьж
байсан боловч бага хурлын санал хураалт сайтар бэлтгэгдсэн жүжиг байсан мэт
сэтгэгдэл төрж байсан юм. МАН-ын нийгмийн судалгаа явуулж намаасаа өндөр
рейтингтэй ард түмний хайр хүндэтгэл хүлээсэн таван хүнийг сонгосон гэнэ. Энэ
таваас хоёр нь болох Ц.Нямдорж, М.Энхболд хоёр бага хурал дээрээ мандаат
өргүүлэх эрх олж аваад эцэст М.Энхболд ийнхүү ерөнхийлөгч болохоор үзээд алдах
эрх олдлоо. Бага хурлын үеэр М.Энхболд \”Өнөөдрийг хүртэл надад заавал
ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэсэн хатуу бодлого зорилт байгаагүй
үнэнийг хэлье. МАН-аас нэр дэвших боломжтой хүмүүсийн нэг нь л би байсан.
Сонгуулийн хатуу сунгаанд шандас цуцахааргүй, баараггүй түрүүлээд ирэх чансаатай
улс төрчид манай намд зөндөө бий. Энэ удаагийн намын бага хурал дээр Монгол
улсын ерөнхийлөгчид нэр дэвших эрхийн төлөө өрсөлдсөн Ц.Нямдорж даргадаа сайн
сайхныг хүсэн ерөөе. Та бүхнийхээ энэ их итгэл найдвар, хүндлэлийг
хөсөрдүүлэхгүйн төлөө бүхий л боломжоо шавхан зүтгэх болно. Надтай хамт та нар
минь, намын мянга мянган гишүүд дэмжигч нар байгаа болохоор хашрах зүйлгүй
байна. Та бүхэн надад итгэсэн шиг би бас та бүхэндээ бүрэн дүүрэн итгэж
байна….” хэмээсэн \”цагаахан” үгсийг хэлсэн юм. Харин түүнд ялагдсан Ц.Нямдорж
УИХ-ын гишүүнээр долоон удаа сонгогдож, хууль зүйн сайд дөрвөн удаа хийж,
УИХ-ын дарга, дэд даргын албан тушаалд ажилласан арвин баялаг намтараа
ерөнхийлөгч гэх сэтэрээр арвижуулах боломж нь энэ удаад хойшилсон юм. Үйл явц
ерөнхийдөө иймэрхүү маягаар өрнөнө гэдгийг, М.Энхболд ерөнхийлөгчид нэр дэвших
нь аль эрт тодорхой болсон байсан гэх ард түмний таамаглалыг батлах мэт үг
тэрээр хэлсэн юм. Ц.Нямдорж \”Ерөнхийдөө ийм дүн гарна гэдгийг би тооцож байсан.
Цочирдох юм алга” хэмээн мэдэгдсэн юм. Түүний тооцож байсан гэдэг үг олон
зүйлийг халхалж байж мэднэ. Нам дотор аль хэдийн М.Энхболдыг нэр дэвшүүлэхээр ярьж
тохирсон байсан гэх агаад Д.Амарбаясгалан даргын хэлж буй \”дотоод ардчилал”
гэгчийг харуулах үүднээс Ц.Нямдорж бага хуралд өрсөлдөж буй жүжиг тавигдсан ч
гэж үзэх хүн байна. Угаас МАН зарчмын зүйл дээр санал нэгдэж, төлөвлөгөөгөө эрт
гаргаж чаддаг нам. Тэр ч үүднээсээ эд эрт М.Энхболд дээр санал нэгдсэн байж.
Ийм санал нэгдэлтийг мэдэж байсан ч өнөөдөр тавигдсан жүжгийн зохиолыг ойлгоогүй
зарим нэг бага хурлын гишүүд нь Ц.Нямдорж яагаад ерөнхийлөгчид өрсөлдөх гээд
унав хэмээн гайхаж байсан гэлцэнэ.
С.Амаржаргал