Чойр-Замын Үүдийн авто замыг өнөөдрөөс барьж эхэллээ.
435 км урт, хүнд даацын тусгай зориулалтын авто зам барихаар Засгийн газраас 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 355 дугаартай тогтоолоор Хөшигийн хөндий, Чойр, Замын-Үүд чиглэлийн хоёр эгнээ замыг чиглэлийг баталжээ.
Мөн төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэхээр шийдсэн байна. Зам, тээврийн яамнаас хоёр үе шаттай сонгон шалгаруулалт зохион байгуулж, гүйцэтгэгчээр “Жүнлүшүн Констракшн Инвестмент” ХХК шалгарч, өнөөдрөөс барилгыг эхлүүллээ.
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан “Энэ төсөл эхэлснээр Азийн авто замын сүлжээний AH-3 коридорт нэгдэх, Монгол Улсыг бүс нутгийн тээвэр, логистикийн гол зангилаа болгон хөгжүүлэх урт хугацааны зорилт хэрэгжих үндэс болно. Товчоор хэлбэл, бид Азийн замын эхлэлийг тавьж байна.
Энэ зам манай улсад хувийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих дэд бүтцийн шинэ жишиг болох боломжтой. Улсын төсвөөс 500 сая ам.долларын хөрөнгө гаргах нь өрийн дарамт нэмэгдүүлэх, өндөр хүүтэй зээл авах шаардлага үүсгэх эрсдэлтэй. Харин энэ төсөл эдгээр эрсдэлийг хувийн хэвшилд шилжүүлж, төрөөс шууд хөрөнгө, ажиллах хүч гаргахгүйгээр 30 жилийн дараа стандартын шаардлага хангасан, иж бүрэн их засвар хийгдсэн, авто замыг үнэ төлбөргүй хүлээн авна.
Яамнаас цаашид их хэмжээний хөрөнгө шаардсан, ийм төрлийн авто замыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлнэ гэв.
Төслийн нийт хөрөнгө оруулалтыг ойролцоогоор 500 сая ам.доллараар тооцож, 70:30 харьцаатай зээл болон хөрөнгө оруулалтын эх үүсвэрээр санхүүжүүлнэ. Гурван жилийн хугацаанд үе шаттайгаар төслийг хэрэгжүүлнэ.
“Хятадын барилгын инженерийн зургаадугаар товчоо” ХХК 435.3 км авто замыг долоон хэсэгт хуваан, долоон зам ангиа ажиллуулна гэж Зам тээврийн яам мэдээлэв.

































































