Төв аймгийн Заамар сумын нутагт уурхайн цооногт гарсан ослын талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэл өглөө.
ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа А.Дашням “Харамсалтай осол болсонд талийгаачийн гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлье. Ослын нөхцөл байдалтай холбоотойгоор мэдээ мэдээллийг ОБЕГ-аас өгч байсан.
2026 тавдугаар сарын 27-ны өдөр Төв аймгийн Заамар сумын Хайлаас багт осол болсон тухай дуудлага ирсэн.
Бид аврах ажиллагааны гурван тактикийн аргыг хэрэглэж ажилласан. Уургалж татах, шатлан малталт болон хөндлөн малталтын аргыг ашигласан. Тухайн үед очиход хүүхэд 30 метрийн гүнд гацсан байсан. Орон нутгийн иргэдтэй мэдээлэл солилцоход өрөмдлөгийн 30-50 метрийн гүнтэй цооног гэсэн мэдээлэл авсан.
Аврах баг могойн нүд камер болон бусад багаж хэрэгслээр хэмжилт хийсэн. Хүүхэд хариу үйлдэл үзүүлээгүй ч амьсгалын шуум сонсогдож байсан гэх мэдээлэл ирсэн. Уургалан татах аргаар хүүхдийг гаргах гэж үзсэн. Үүрч явсан цүнх нь зүүн гарт нь дарагдсан байсан бөгөөд татахад сулран гарч ирсэн.
Уургалж татахад зүүн гар нь хөшигдөөд дээш татах боломж байгаагүй. 30 метрийн гүн гэдэг нь 10 давхрын өндөр барилгатай тэнцэнэ. Уурхайн цооног гэдэг нь 28 см-ийн диаметртэй, эгц доош цооног гэсэн үг.
Хүүхэд доош унахдаа хажуу талын хананд хүрэлцэж, хурд нь саарсан байх гэж тооцсон. Улмаар татах арга болохгүй тул шатлан малталтын арга ашигласан.
Энэ нь тухайн цооногоос аюулгүйн зайг тодорхойлж, хүнд машинаар шатлан малтах техник бөгөөд олон улсад ашигладаг. ОБЕГ-аас гадна салбарын яам зөвлөлдөж ажилласан.
70 метрийн урт, 40 метрийн өргөн талбайг богино хугацаанд ухах шаардлагатай болсон. Хүнд машин механизмын тусламжтайгаар л бид энэ малтлагыг хийх боломжтой.
28-ны өдрийн 22 цагаас ОБЕГ хөндлөн малталтын ажил эхлүүлсэн. Уул уурхайн аврах анги бүрэн бүрэлдэхүүнээр ажилласан. Улсын хэмжээнд уул уурхайн аврах анги ганцхан байдаг.
Ингээд 80 см өргөнтэй 11.8 метр нүх ухаж осолдогчийн байгаа цэгт хүрсэн. Очиход осолдогч 30.1 метрийн гүнд осолдсон байсан. Бид 30-50 метрийн гүн гэж тооцоолж байсан ч газар дээр нь очиход доороо тулсан байсан. Аврагчдыг хүрч очиход хүүхэд хагас хэвтээ байдалтай зүүн гар нь дээрээ, баруун гар нь доороо, мөр толгой нь сул шороонд хонхойж орсон буюу дээш татагдах боломж байгаагүй нь харагдсан.
Хүүхэд амиа алдсан байсан. Албаны хэллэгээр буцалтгүй нэрвэгдэгч гэж нэрлэдэг. Аврах ажиллагаа дуудлага авснаас хойш 55 цаг 19 минут үргэлжилсэн. Хүүхэд унаснаас 59 цаг 46 минутын дараа цогцсыг гаргаж холбогдох байгууллагад хүлээлгэж өгсөн.
Энэ төрлийн осол Монгол Улсын хэмжээнд анх удаа гарлаа. Яг хэдэн цагт, юунаас болж нас барсныг мэргэжлийн байгууллага тогтооно” гэв.






































































