УИХ-ын гишүүн, Хүний гавьяат эмч Б.Бейсен Олон улсын Таеквондогийн Монголын холбооны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр, Монгол Улсын гавьяат тамирчин, Азийн наадмын аварга, Азийн хошой аварга, Дэлхийн аваргын хүрэл медальт, мэргэжлийн боксын тамирчин Э.Цэндбаатар тус холбооны Дэд ерөнхийлөгчөөр тус тус томилогджээ.
Томилгоог Олон улсын Таеквондогийн Монголын холбооны Ерөнхийлөгч Э.Галбадралын саналын дагуу хийсэн бөгөөд шинэ удирдлагууд холбооны үйл ажиллагаа, спортын хөгжлийг шинэ шатанд гаргах, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлд ажиллана гэж албаныхан мэдээлэв.
УИХ-ын гишүүн Б.Бейсен нь эрүүл мэндийн салбарт олон жил ажилласан туршлагаасаа гадна төрийн бодлого боловсруулах чиглэлээр ажиллаж байгаа бол Э.Цэндбаатар нь Монголын боксын түүхэн дэх амжилттай тамирчдын нэг бөгөөд олон улсын тавцанд эх орныхоо нэрийг өндөрт өргөж ирсэн юм.
Тус холбоо шинэ томилгоонууд нь Монгол Улсад таеквондогийн спортыг хөгжүүлэх, хүүхэд залуусын оролцоог нэмэгдүүлэх, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал түлхэц болно гэж үзжээ.











































































