Засгийн газраас 2026 оны төсвийн тодотголыг өргөн барьж, ээлжит бус чуулганаар хэлэлцэж буй. Тэгвэл төсвийн тодотголд Үндэсний аудитын газар ямар дүгнэлт өгснийг сонирхуулья.
ЭДИЙН ЗАСАГ ӨСӨЛТТЭЙ БАЙГАА Ч ТӨСВИЙН ОРЛОГО ТАСАРСАН
Монгол Улсын эдийн засгийн өсөлт гадаад зах зээлийн эрэлт, уул уурхайн бүтээгдэхүүний үнэ, экспортын орлогоос бүрэн хамааралтай. 2026 оны долдугаар сарын байдлаар эдийн засаг 7.7 хувиар өссөн бол 2026 оны хүлээгдэж буй өсөлт 5.7 хувь байхаар тооцоолж буй. Эдийн засгийн 7.7 хувийн өсөлтийн 3.9 хувийг уул уурхай, 1.8 хувийг үйлчилгээ, 1.5 хувийг хөдөө аж ахуй, 0.5 хувийг аж үйлдвэрийн салбар тус тус бүрдүүлсэн байна. Харин инфляци 13 хувьд хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 4.9 хувиар өссөн нь дотоодын бараа, үйлчилгээ, ялангуяа хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт голлон нөлөөлжээ.

Нүүрсний экспорт нэмэгдэж, уул уурхайн салбарын өсөлт тогтвортой байгаа ч геополитикийн нөхцөл байдлын нөлөөгөөр инфляц өсч, газрын тосны үнэ өсөх, нийлүүлэлт буурах, бөөний болон жижиглэн худалдаа, үйлчилгээний салбарын идэвхжил саарч байгаа нь аж ахуй нэгжүүдийн борлуулалт, ашиг буурснаас төсвийн орлого буурсан. Тиймээс Засгийн газраас 2026 оны төсвийг тодотгож байна.
Тодотголд, нийт орлого ба тусламжийн дүнг 2026 оны батлагдсан төсвөөс 918.4 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, 36,172.2 тэрбум төгрөгөөр төлөвлөсөн нь ДНБ-ий 35.3 хувьтай тэнцэж байна. Татварын орлогыг 29,065.6 тэрбум төгрөг, татварын бус орлогыг 2,864.4 тэрбум төгрөг, тогтворжуулалтын санд 826.8 тэрбум төгрөг, Үндэсний баялгийн санд 3,415.4 тэрбум төгрөгийг хуримтлуулахаар төлөвлөсөн байна.

Ингэхдээ Тогтворжуулалтын санд төвлөрүүлэх орлогыг зэсийн үнэ өсөлттэй байгаа учраас 459.1 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж 826.8 тэрбум төгрөгт хүргэхээр тооцжээ. Харин Үндэсний баялгийн санд төвлөрүүлэх орлогыг зарим экспортын бүтээгдэхүүний экспорт, үнийн өсөлтөөс шалтгаалсан АМНАТ-ын орлогоос 459.3 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж тооцсон байна. Мөн тэнцвэржүүлсэн орлогыг 2026 оны батлагдсан төсвөөс өөрчлөөгүй ч татварын орлогыг 3.4 хувиар бууруулж 29,065.6 тэрбум төгрөгөөр, татварын бус орлогыг 55.3 хувиар нэмэгдүүлж 2,864.4 тэрбум төгрөгөөр тус тус төлөвлөжээ.

ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛААГҮЙГЭЭС 221.9 ТЭРБУМ ХАСАГДАНА
Төсвийн тодотголын төслөөр улсын төсвийн хөрөнгө оруулалтын зардлаас хасахаар төлөвлөсөн 272.5 тэрбум төгрөгийн хөрөнгийн 81.4 хувь буюу 221.9 тэрбум төгрөг нь хуульд заасан хугацаанд худалдан авах ажиллагааг зохион байгуулаагүйгээс шалтгаалан хэмнэлтэд тооцохоор тусгагджээ. Үүнд улсын төсвийн 2026 оны хөрөнгө оруулалтаар шинээр эхлүүлэх 296 төсөл, арга хэмжээний 155 төсөл, арга хэмжээ буюу 52.4 хувь нь УИХ-аар төсвийн төслийг хэлэлцэх явцад нэмж батлагдсан, тэдгээрийн хэрэгжилт хангалтгүй байсан нь голлон нөлөөлсөн байна.
Тухайлбал,
-
Хуульд заасан хугацаанд худалдан авах ажиллагааг зохион байгуулаагүй 32 төсөл, арга хэмжээний хэмнэлтэд тооцох 118.6 тэрбум төгрөгийн 83.6 хувь нь буюу 99.2 тэрбум төгрөгийн 21 төсөл, арга хэмжээ нь хэлэлцүүлгийн явцад нэмж батлагдсан
-
Багцад хуваарилсан боловч гэрээ байгуулаагүйгээс хэмнэлтэд тооцогдох 103.3 тэрбум төгрөгийн 49.7 хувь буюу 51.3 тэрбум төгрөг нь хэлэлцүүлгийн явцад нэмж батлагдсан төслүүдээс үүссэн байна.
ГАДААД ТОМИЛОЛТ, УРСГАЛ ЗАРДЛЫГ ДАХИН НЯГТЛАХ
Засгийн газрын 2026 оны 325 дугаар тогтоолоор төсвийн зарцуулалтыг хэмнэлтийн горимд шилжүүлэх, төсвийн сахилга бат, төрийн сангийн мөнгөн хөрөнгийн удирдлагыг сайжруулах зорилгоор зарим урсгал зардлын санхүүжилтийг түр зогсоохоор шийдвэрлэсэн боловч төсвийн тодотголоор төсвийн ерөнхийлөн захирагч /ТЕЗ/-ийн холбогдох зардлыг харилцан адилгүй бууруулан төлөвлөсөн байна. Тухайлбал, улсын төсвийн нийт 36 ТЕЗ-дын томилолт, зочин төлөөлөгч хүлээн авах зардлаас 19 ТЕЗ-дын 1.2 тэрбум төгрөгийн зардлыг бууруулахаар төлөвлөсөн бол төрийн өндөр албан тушаалтны урьдчилан төлөвлөгдсөн албан ёсны гадаад томилолтын зардалд хамаарахгүй зарим ТЕЗ-дын зардлыг бууруулаагүй байна. Энэ нь Засгийн газрын 2026 оны 325 дугаар тогтоолын 1.2-т заасан санхүүжилтийг түр зогсоох арга хэмжээг төсвийн тодотголд бүрэн тусгаагүйг харуулж байна.
Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын тайланд зарим зардлын төлөвлөлт, гүйцэтгэлийг үнэлэх зорилгоор судалгаа хийж, үр дүнг тусгасан. Тухайлбал, төсвийн ерөнхийлөн захирагчдын дэргэдэх 24 хороо, зөвлөл, ажлын албаны үйл ажиллагаанд 17.5 тэрбум төгрөг, гадаад албан томилолтод 74.3 тэрбум төгрөг, сургалт, семинар, хурал, зөвлөгөөнд 61.0 тэрбум төгрөгийг тус тус зарцуулсан байна. Иймд гадаад албан томилолт, зочин төлөөлөгч хүлээн авах, урсгал засвар, багаж, техник хэрэгсэл, тавилга, эд хогшил худалдан авах зардлын төлөвлөлтийг ТЕЗ тус бүрээр дахин нягталж, өмнөх аудитын дээрх судалгааны үр дүнг үндэслэн бууруулах боломжтой зардлыг тооцон төсвийн тодотголд тусгах шаардлагатай байна.
2026 ОНЫ ТОДОТГОЛ ТӨСВИЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙГ ЗӨРЧСӨН
Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн тусгай шаардлагуудаас 6.1.1, 6.1.3, 6.1.4 дэх заалтуудыг хангасан боловч 6.1.2-т заасан суурь тэнцэл нь ДНБ-ий хоёр буюу түүнээс дээш хувийн ашигтай байх шаардлагад нийцээгүй тул төсвийн тусгай шаардлагуудыг нэгэн зэрэг хангаагүй байна. Мөн төсвийн тодотголын төсөлтэй хамт дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд өөрчлөлт оруулах санал болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн холбогдох зохицуулалтыг өөрчлөх төслийг өргөн мэдүүлсэн нь төсвийн тогтвортой байдлын зорилт хангагдахгүй байх, дунд хугацааны төсвийн төлөвлөлтийн ач холбогдол буурах, төсвийн удирдлагын зарчим алдагдах эрсдэлтэй.
Төрийн аудитын байгууллагаас Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь улсын хөгжлийн болон үндэсний аюулгүй байдлын бодлогын холбогдох зорилтуудтай нийцсэн боловч Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан төсвийн тусгай шаардлагуудыг нэгэн зэрэг хангаагүй гэж дүгнэжээ.
ТӨСВИЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ: 6 дугаар зүйл.Төсвийн тусгай шаардлага
-
6.1.Төсөвт дараахь тусгай шаардлагууд нэгэн зэрэг хангагдсан байна
-
6.1.1.нэгдсэн төсвийн орлогыг тэнцвэржүүлсэн журмаар тооцдог байх
-
6.1.2.нэгдсэн төсвийн суурь тэнцэл нь тухайн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр буюу түүнээс дээш хувийн ашигтай байх
-
6.1.3.нэгдсэн төсвийн урсгал зарлагын хэмжээ тухайн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний 30 хувиас хэтрэхгүй байх
-
6.1.4.Засгийн газрын өрийн нэрлэсэн дүнгээр илэрхийлэгдсэн үлдэгдэл нь тухайн жилийн оны үнээр тооцсон дотоодын нийт бүтээгдэхүүний 60 хувиас хэтрэхгүй байх
-
6.3.Энэ хуулийн 6.1.4-т заасан Засгийн газрын өрийн хязгаарт Засгийн газрын дотоод үнэт цаасаар бүрэн баталгаажсан буюу барьцаа тавьсан өрийн баталгааны үлдэгдлийг оруулж тооцохгүй
-
6.5.Энэ хуулийн 6.1.2-т заасан тусгай шаардлагын доод хэмжээг бууруулах, 6.1.4-т заасан тусгай шаардлагын дээд хэмжээг нэмэгдүүлэхийг хориглоно
-
6.6.Энэ хуулийн 6.1.2-т заасан суурь тэнцлийн ашгийг Засгийн газрын өрийн үндсэн төлбөрийг төлж барагдуулахад зарцуулна.
Товчхондоо, Засгийн газрын өргөн барьсан төсвийн тодотгол нь цалин, тэтгэвэр нэмэх, эрчим хүчний дутагдлыг нөхөх зэрэг сайхан амлалтуудтай ч зөвхөн өнөөдрөө харсан, түр зуурын арга хэмжээ авч байгаа тодотгол нь урт, дунд хугацаанд төсвийн болон үнийн тогтвортой байдлыг хадгалахад эрсдэл үүсч болзошгүйг сануулжээ.












































































