ЭМДЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэн нарын 11 хүнд холбогдох хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх өнөөдөр хэлэлцэж, Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ. Тодруулбал, Л.Бямбасүрэнг улс төрийн нөлөө бүхий этгээд хахууль авсан, мөнгө угаасан гэм буруутайд тооцож, 13 жилийн хорих ялыг хэвээр үлдээсэн юм.
ЭМДЕГ-ын хэлтсийн даргаар ажиллаж А.Төвшинд оногдуулсан 6 жилийн хорих ялыг хохирол барагдуулсан үндэслэлээр 5 жил 6 сар болгож, Б.Номинсувдын 7 жил, С.Ундрамын 2 жил хорих ялыг хэвээр үлдээлээ.
Хэргийг эргэн сануулахад, ЭМДЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэн, хэлтсийн дарга Ө.Төвшин, мэргэжилтэн Б.Номинсувд нар 2 эмнэлгээс ₮120 сая авснаас Л.Бямбасүрэн, Ө.Төвшин нар тус бүр ₮50 сая, Б.Номинсувд ₮20 саяыг авсан.
Мөн Ө.Төвшин, Б.Номинсувд нар БЗД-ийн эмнэлгээс 7 удаагийн үйлдлээр ₮70 сая авч, хувааж авсан байдаг.
Ө.Төвшин 3 эмнэлгээс ₮80 сая авсан бол Б.Номинсувд ₮55 сая, мөн эмнэлгийн тусгай зөвшөөрөл олгох нэрээр ₮8.5 сая, согтууруулах ундааны тусгай зөвшөөрөл олж өгөх нэрээр ₮3.5 сая, нийт ₮66.5 саяын хахууль авсан. Шүүгдэгч С.Ундрамын хувьд эмнэлгийн тусгай зөвшөөрөл авч өгнө гэж ₮11.5 сая, мөн шүүгдэгч Д.Баянжав ₮10 саяын хахууль авчээ.
Түүнчлэн бусад хахууль өгсөн хүмүүсийг хахууль өгсөн үндэслэлээр буруутгаж байгаа юм.











































































