УИХ-ын гишүүн С.Цэнгүүн 2026 оны төсвийн тодотголын асуудлаар өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл өглөө.
Тэрбээр “Манай улс өнөөдөр санхүүгийн маш гүн хямралд өртөн, үнийн өсөлт дээд цэгтээ тулж ард түмний амьдрал доройтож байна. Ерөнхий сайд Н.Учрал урсгал зардал нэмэхгүйгээр нэн шаардлагатай байгаа төсвийн тодотголыг УИХ-аар баталж өгөөч гэдэг хүсэлт тавьсан.
Төсвийн тодотгол хэлэлцэж эхлэх үеэс бид зарчмын зөрүүтэй санал гаргасан. Тухайлбал юунд зарцуулах нь ойлгомжгүй татаасууд, маш их хэмжээний томилолт болон бичиг цаасны зардлыг нэмж оруулж ирснийг шүүмжилсэн.
Түүнээс гадна Хархорум хот гэх эзгүй, хүн амьдардаггүй хот дээр Зөвлөлийн ажлын алба нэрийдлээр 1.5 тэрбум төгрөгийг нэмж оруулж ирсэн. 1.5 тэрбум төгрөгийн хэдэн хувь нь цалин, байрны түрээст орж байгаа гэдгийг хариуцсан сайдаас албан бичгээр хүссэн. УИХ-ын гишүүдэд тараагдсан файл дотор ийм задаргаа байдаггүй. Зөвхөн хүснэгтэд 1.5 тэрбум төгрөг гэж бичсэн байдаг. Уг нь 2026 оны батлагдсан төсөвт Хархорум хотын ажлын албанд 4 тэрбум төгрөг тавьж өгсөн.
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
2026 оны батлагдсан төсөв дээр байсан төслийн нэгжүүдийг тодотгол дээр шинээр оруулж ирж байгаа гэдэг агуулгаар давхар бичиж оруулж ирсэн. 2026 оны төсвийн тодотгол дээр захиргааны зардлыг нэмж болохгүй гэсэн агуулгаар энэ зардлуудыг хасах санал гаргасан. Нэг их наяд төгрөгийн алдагдал дотроос 23 тэрбум төгрөгийг амжилттай хасуулж чадсан.
Гэтэл сайд нар төсвийн тодотголоос 23 тэрбум төгрөгийг хасаж болохгүй. Яагаад гэвэл энэ мөнгөн дүнг аль хэдийн зарцуулчихсан гэх ноцтой мэдэгдэл хийж байна. Харин одоо тэр төслийн нэгж дээр ажилладаг хүмүүс хохирох гээд байгаа учраас УИХ заавал баталж өг гэсэн шахалт үзүүлж байгаа нь маш ноцтой.
Манай улсын төсөв том дүнгүүдээр бүхлээрээ тавигдаж батлагддаг. Тэр бүхэл дотор юу байгаа гэдэг задаргаа нь гишүүд болон иргэдэд ч байдаггүй. Тэгэхээр бид улсын төсвийг иргэдэд нээлттэй болгох хэрэгтэй. Улсын төсөв дээр тавигдсан 50 төгрөгийг ямар зориулалттай, зарцуулснаар хэр үр дүн гарах вэ гэдгийг олон нийтэд нээлтэй болгож байж үр дүнд хүрнэ” гэв.








































































