“Дэнс.мн” сайтын сэтгүүлч А.Шинэбаярыг 30 хоног цагдан хорих шийдвэр гаргасныг өмгөөлөгч Өнөржаргал эсэргүүцэж, дээд шатны шүүхэд хандахаар болжээ. Сэтгүүлчийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл, мэдээллийн албаны дарга Ц.Ганзоригийн гаргасан гомдлын дагуу шалгаж байгаа бөгөөд шүүх 2026 оны аравдугаар сарын 11-нээс эхлэн 30 хоног цагдан хорих шийдвэр гаргасан байна.
Хэрэг хэрхэн эхэлсэн бэ?
Өмгөөлөгч Өнөржаргалын мэдээлснээр, А.Шинэбаяр аравдугаар сарын 9-нд Цагдаагийн ерөнхий газарт өөрийн биеэр очиж шалгуулжээ. Тухайн үед мөрдөгч түүнийг явж болно гэж хэлсний дагуу явсан боловч дараа нь дахин дуудаж, ирэхийг шаардсан байна.
Эргэж очиход нь гар утсыг нь хураан авч, прокурорын зөвшөөрлөөр гэрт нь үзлэг, нэгжлэг хийж, компьютер болон процессорыг нь хураан авч шалгасан гэж өмгөөлөгч тайлбарлав. Улмаар аравдугаар сарын 10-ны өглөөний 05:10 цагт сэтгүүлчийг хойшлуулшгүй журмаар баривчилжээ. Тухайн өдөр шүүх прокурорын саналыг хэлэлцэж, баривчилсан шийдвэрийг хүчинтэйд тооцсон байна.
Эрүүгийн хуулийн 23.7 дугаар зүйлээр шалгаж байна
А.Шинэбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.7 дугаар зүйлд заасан “Нийтийн албан тушаалтныг заналхийлэх” гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байгаа аж.
Түүнийг нийтийн албан тушаалтны ажил, албан үүрэгтэй холбоотойгоор эрх, хууль ёсны ашиг сонирхол, нэр төр, алдар хүндэд нь хохирол учруулж болзошгүй агуулгатай мэдээллийг цахим хуудсаар тараасан гэх гомдлын дагуу хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж байгаа юм.
Өмгөөлөгч н.Өнөржаргалын мэдээлснээр, сэтгүүлчийг 30 хоног цагдан хорих шийдвэр гаргахдаа зургаан үндэслэл дурдсан байна. Үүнд:
-
Гэрт нь хийсэн үзлэг
-
Суурин компьютерт хийсэн үзлэг
-
Зөөврийн компьютерт хийсэн үзлэг
-
Хохирогч, ЕТГ-ын Хэвлэл, мэдээллийн албаны дарга Ц.Ганзоригийн мэдүүлэг
-
Гэрч, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөрийн мэдүүлэг
-
Facebook болон Viber дэх харилцаанд хийсэн үзлэг
Өмгөөлөгчийн хэлснээр, А.Шинэбаярыг өмгөөлөгчийн туслалцаагүйгээр 48 цаг саатуулсан бөгөөд энэ ажиллагаа хуульд нийцсэн эсэхэд эргэлзэж байгаа аж.
А.Шинэбаяр аравдугаар сарын 12-ноос хуурай өлсгөлөн зарлаж, цаашид үргэлжлүүлэхээ өмгөөлөгчдөө мэдэгдсэн байна. Өмгөөлөгч түүнтэй уулзахад даралт нь буурч, халуурсан, нүүр нь улайсан байдалтай байсныг мэдээлэв. Сэтгүүлч одоогоор цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байгаа аж.
Мөн А.Шинэбаяр 75 настай ээжтэйгээ хамт амьдардаг байсан бөгөөд гэрт нь нэгжлэг хийсний дараа ээжийнх нь даралт ихэссэн гэж өмгөөлөгч мэдээллээ.









































































