Хэрэв М.Энхболд үнэн чанартаа хаалттай, явуургүй санаатай, аль эсвэл улс төрд байж л байдаг хэвшмэл нэгэн байсан бол нэг удирдагчаас нөгөө удирдагчийг угтан, хувьсан өөрчлөгдөж байсан МАХН-ын хөдөлгөөн дунд түүний гэх орон зай үлдэхээргүй байв. М.Энхболд 2005 онд болсон МАХН-ын Их хурлаар намын даргаар сонгогдож, тухайн үед УИХ-ын даргын алба хашиж байгаад Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Н.Энхбаярын оронд нөхөн сонгуулиар Улсын Их Хурлын гишүүн, залгаад Монгол Улсын 24 дэх Ерөнхий сайд болсон. Тухайн үед Н.Энхбаярын оронд хэн очихыг МАХН шийдэхдээ түүний залгамжлагчийг хүлээгээгүй, харин эсрэгээрээ шинэ дүр төрхийг эрэлхийлсэн юм. Ийнхүү мөнөөх хэрсүү нөхөр намын гишүүдийн шинэ сонголт боллоо. М.Энхболд ингэж олны өмнө ил гарч, хүмүүс түүнээс ямар нэг ойлгомжтой дүр шаардаж эхэллээ.
Улстөрч хүнийг тойрч гардаггүй уналт босолтын он жилүүдийг ч тэр туулсан. Намынхаа \”элсний босогчид”-ын идэвхтэй явуулгаар 2007 оны аравдугаар сард МАХН-ын дарга, Ерөнхий сайдын албан тушаалаас огцорч байсан нь үүний жишээ. Хэрэв тэр өөртэй нь өрсөлдсөн С.Баяр шиг уран илтгэгч, нийгмийн хүсэн хүлээж буй үгсийг онцгой мэдрэмжтэйгээр жин банг нь тултал тааруулан илэрхийлж чаддаг, олны таашаалыг соронздох урлагт мэргэшсэн лидер байсан бол цөөн хувийн зөрүүтэй ялагдлыг хүлээхгүй байлаа. Энэ бол түүний хамгийн ойлгомжтой бөгөөд бодит дүр төрх.
Эр хүнд \”тугал хариулах” өдөр байхад \”туг барих” цаг ч эргээд тохиодгийн учир тэрбээр нэрээ хүртэл шинэчилсэн Монгол Ардын Намын даргаар 2013 онд сонгогдож, 2016 оны сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулаад байна. Энэ бол элдэв тайлбаргүйгээр түүнд нам нь, нөхөд нь, гишүүд нь хэр их итгэдгийг нотолсон үйл явдал байлаа. М.Энхболд хэн гэдгээ олон нийтэд үүнээс илүү ил тод, нээлттэйгээр яаж таниулах билээ. Бусдын адил дуу дуулж, хөгжим тоглосноороо нээлттэй улстөрч гэгдэх нь түүний төлөвт угаас үгүй.
Эвийг эрхэмлэдэг, нөхрийг мартдаггүй нь түүний араншингийн гол өнгө гэлцдэг. Хамт ажиллаж байсан нөхдөө ямар алба тушаал хашдагаас нь үл хамаараад болж л өгвөл дэмжихийг хичээдэг гэх юм билээ. Чухам энэ чанар нь түүнийг олон нөхөдтэй болгосон. \”Хотын фракц” гэдэг бол алба, амины аливаа асуудлаар түүний ач тусыг хүртсэн олон мянган хүмүүсийн талархлын бөөгнөрөл гээд хэлчихэд үнэнд ихээхэн ойртох болов уу.
Хүнд \”үгүй” гэж хэлэх, бусдыг муулан дорд үзэх хандлагаас зайтай байдаг ийм чанар Монголын улстөрчдөд нэн ховордсон зүйлийн нэг. М.Энхболдыг үнэ цэнэтэй болгодог гол давуу тал нь энэ болой. Зөөлөн аядуу, хатуурхаж ширүүлэх нь бараг үгүй төрөлх араншингаасаа болоод үлбэгэр, сул дорой гэж хааяа хэлүүлдэг, Монгол Улс \”Газрын тухай” хуультай болж, газрын харилцаа жинхэнэ ёсоор эхэлсэн цаг үед Хотын даргаар ажиллаж байсны учир \”газрын наймаачин” цол хүртсэн зэргийг нь аливаа улстөрчийн замналд заавал тохиодог хөндлөнгийн довтолгооны сүүдэр гэж хэлнэ. Учир нь түүнийг \”газрын наймаачин” мөн үү, биш үү гэдгийг шүүсэн шүүхийн байгууллагын олон удаагийн дүгнэлт \”биш байна” гэсэн байдаг юм билээ.
Миеэгомбын Энхболд бол нэг талаасаа тулхтай, нөгөө талаасаа аядуу зөөлөн улстөрч. Бүхний түрүүнд дуугарч, юм бүхэнд оролцох гэдэггүй, сайн муу үгийг шүлсээ үсэргэн шидлээд байдаггүй, өөртөө үндэсний баатрын дүр бүтээх оролдлого хэзээ ч хийдэггүй энэ хүнийг хамгийн товчоор тодорхойл гэвэл ТУЛХТАЙ гэдэг үг л зохино.
Эх сурвалж: Ub.life