\”Нохой гаслам\” халуун өдрүүд үргэлжилж байна. Өөрийгөө нарны халуунаас хамгаалахгүй бол эрүүл мэндээрээ хохирч мэдэх хэмжээнд хүрч халсаар байгаа юм. Нөгөө талаас үүнийг нарших гэж ч тайлбарладаг. Тэгвэл гадаа агаарын хэм 25-аас дээш гарах үед нарших эрсдэлтэй болдог байна. Наршсан тохиолдолд хүйтэн, сэрүүн газарт очих, нойтон, чийгтэй алчуур толгой дээрээ тавих, хүйтэн мөс, даавууг суга, цавь, хүзүү, нуруу хэсэгтээ тавих зэрэг аргуудыг хэрэглэж болно. Мөн шингэн зүйл ихээр уух хэрэгтэй байдаг. Гэхдээ нас насанд тохируулах хэрэгтэй.
Жишээ нь 1-3 настай бол 60 граммаар 30 минут тутамд, 3-7 настай бол 100 граммаар 40 минут тутамд, 7-15 настай бол 200 граммаар 60 минут тутамд, насанд хүрсэн бол 200 граммаар 60-90 минут тутамд шингэн зүйл уух шаардлагатай юм байна. Гэхдээ шингэн зүйлд хийжүүлсэн ундаа, будагч бодис орсон жимсний шүүснүүд багтахгүйг анхаарна уу. Ихэнх дээ буцалгаж хөргөсөн ус, бүлээн хярам зэргээр наршилтыг эмчилдэг. Энэ халуун өдрүүдэд хүүхдээ агаар салхинд гаргах гэж байгаа бол өдрийн 11.00 болон 16.00 цагийг сонговол зөв. Түүнээс яг өдрийн 12.00-15.00 цагт хэт халж нарших аюултай байдаг байна.