Лондон хотын Grenfell Tower барилгад гал гарсны улмаас амиа алдагсдын тоо 70 болжээ. Нэг хоногийн өмнө 30 орчим хүн нас барсан мэдээллийг Скотланд Ярд өгч байсан юм. 24 давхар орон сууцны барилгад 600 орчим хүн амьдардаг байжээ.
Лондон хотын цагдаагийн газраас 30 хүн нас барж, дахин хэдэн арван хүн сураггүй болсонд тооцогдож байна гэсэн мэдээлэл өгсөн. Тэгвэл Sky News телевиз 70 орчим хүн нас барсан мэдээллийг өнөөдөр өглөө. Гэхдээ энэ тоог цагдаагийн байгууллагаас хараахан батлаагүй байна. Мөн амиа алдагсдын тоо нэмэгдэж болзошгүй гэсэн албан бус мэдээ байна.
Энэ сарын 14-нд шилжих шөнө Лондон хотын баруун дүүрэгт байрлах 24 давхар Grenfell Tower орон сууцны барилгад гал гарсан. Гал барилгын доод давхарт дэгдэж, хоромхон хугацаанд барилгад бүхэлдээ тархсан юм. Галын хэргийн дагуу нээлттэй ил тод мөрдлөг шалгалт явуулахыг Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй нэг хоногийн өмнө хууль хяналтын байгууллагад үүрэг болгоод байна.
Их Британийн Засгийн газар Grenfell Tower барилгын оршин суугчдад 6 сая гаруй ам.долларын нөхөн төлбөр олгохоор шийдвэрлэжээ. Мөн гурван долоо хоногийн хугацаанд шинэ орон сууцанд шилжүүлэн байршуулах юм байна.