Монгол Улсын Үндсэн Хуулиар Ерөнхийлөгч нь \”ард түмний эв нэгдлийн илэрхийлэгч\” гэж заасан байдаг. Өөр олгогдсон томоохон эрх үүрэг байхгүй. Парламентийн засаглалтай улсад Төрийн тэргүүн (head of state) нь ерөнхийдөө бэлгэдлийн (ceremonial) шинж чанартай төрийн институц байдаг.
Бие даан бодлого гаргах, хэрэгжүүлэх, гэрээ байгуулах эрхгүй. Ард түмэндээ үг хэлэх, арга хэмжээнд оролцох, шагнал гардуулах, гадаадын элчин сайд нарыг хүлээн авах зэрэг үүргийг гүйцэтгэдэг. Британийн Хатан хаан, Германы Ерөнхийлөгч, Энэтхэгийн Ерөнхийлөгч, Монгол Улсын Ерөнхийлөгч нар Үндсэн Хуулиараа бэлгэдлийн шинж чанартай төрийн тэргүүн юм.
Бусад улсад Ерөнхийлөгч нар нь өөрт олгогдсон эрх үүргийнхээ дагуу л ажилладаг. Харамсалтай нь манай өмнөх Ерөнхийлөгч нар ард түмний эв нэгдлийг илэрхийлэх үндсэн эрх үүргээ огоорч ашиг сонирхол ихтэй бусад зүйл рүү хадуураад явчихдаг байсан нь Монгол Улсын Ерөнхийлөгч гэдэг төрийн бүтэц нь институцийнхээ хувьд өнөөг хүртэл бэхжээгүй гэж хардаг. Ерөнхийлөгч болчихоороо бусдыгаа АТГ-р шалгуулдаг, шүүхээр шүүслээд өгдөг, прокуророор дамжуулж дарамталдаг хүн л болж хувирсан мэт санагддаг.
Ард түмний эв нэгдлийн илэрхийлэгч гэдэг функц нь бүр мартагдаж ерөнхийдөө Төрийн МАНГАС болжээ. Төрийн ДЭЭД эрх мэдэл нь гагцхүү УИХ-д хадгалагддаг. Гэтэл нөгөө мангас маань бүр сүүлдээ УИХ дээр орж ирж хэрүүл өддөг, хов зөөдөг, нийт ард түмний биш нэг хоёр компанийн асуудал ярихыг хараад дотроо харамсаж л байлаа. Асуудал зөв бурууд нь биш харин Монголын төр маань 27 жил болсон ч бэхжээгүй байгаад харамссан хэрэг.
Өнөөдөр Ерөнхийлөгчийн сонгуулийн өдөр. Монгол Улсын Үндсэн Хуулийн дагуу \”ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч\”-ээ сонгоно. Би сонголтоо хийнэ. Та ч мөн Үндсэн Хуулиар олгогдсон сонгох эрхээ эдлээрэй. Төр түвшин түмэн олон амгалан байх болтугай!