ЭРҮҮЛЖҮҮЛЭХ, ЗАЛУУЖУУЛАХ, УРТ НАСЛУУЛАХ ҮЙЛДЭЛТЭЙ БИОЛОГИЙН ИДЭВХИТ БОДИС НЭРС ЖИМСЭНД АГУУЛАГДДАГ
Гүн хөх өнгөтэй, исгэлэн амттай, биологийн идэвхт бодисын өндөр агууламжтай Монгол оронд ургадаг 60 гаруй төрлийн зэрлэг жимсгэний нэг нь нэрс билээ.
Манай орны Хөвсгөл, Хэнтий, Хангайн уулархаг нутгаар, Хойд Америк, Европ, Азийн уулархаг, модтой нутгаар байгалийн зэрлэг нэрс элбэг ургадаг бөгөөд сүүлийн хагас зуун жилд Канад, АНУ-д ихээр тармилжуулах болжээ. Өвслөг ургамалын төрөлд хамаарах энэхүү жимсгэнэ нь уугуул Америкчуудын хүнсний үндсэн хэрэгцээ болж байж. Харин Европт зэрлэгээр ургадаг нэрс ховор ч тарималжуулан хэрэглээнд нэвтрүүлсэн байна. Хамгийн сүүлд хэрэглээндээ тарималжуулж нэвтрүүлсэн улс бол Австрали тивийнхэн юм.
Шинжлэх ухаан хөгжихөөс өмнө хэрэглээнд нэвтэрсэн байсан жимсгэнийг орчин цагт судалж, шинжилж, илрүүлсэн эрүүл мэндийн ашиг тусыг танилцуулья.
I. НЭРС – ЭРҮҮЛЖҮҮЛЭХ ҮЙЛДЭЛТЭЙ
Чихрийн шижин II хэв шинжийн үед инсулины дутагдал, инсулин мэдрэг чанар буурах гэсэн 2 ойлголт гарч ирдэг. Инсулины дутагдал гэдэг нь нойр булчирхайгаас инсулин ялгарахгүй болсноор цусан дахь глюкоз эсрүү нэвтрэн орж бодисын солилцоонд оролцож чадахгүй болж цусанд идэвхгүй хэлбэрээр эргэлдэхийг хэлнэ. Харин инсулин мэдрэг чанар буурах гэдэг нь эсийн мембран дээр байх инсулины рецептор нь инсулиныг таньж чадахгүй болж улмаар глюкозыг эсэд нэвтрүүлдэг GLUT4 хаалга нээгдэхгүй болохыг хэлж байгаа юм.
Нэрс жимсгэнд агуулагдах хамгийн онцгой биологийн идэвхит нэгдэл нь антоцианин хэмээх бодис юм. Энэхүү бодис нь эсийн мембран дээр байрлах идэвхгүй, дөжирсөн инсулины рецепторыг сэргээж өгдөг үйлдэлтэй болох талаар эрдэм шинжилгээний өгүүллүүд нийтлэгдсэн байна. Антоцианин нь инсулин мэдрэг байдлыг нэмэгдүүлснээр цусан дахь глюкозыг бууруулах үйлдэлтэй байна. Энэ чанараараа чихрийн шижин II хэв шинжийг үед үр дүнгээ өгөхөөс гадна урьдчилан сэргийлэх өндөр ач холбогдолтой юм.