Японы Мацүдониши ротари клубээс өнгөрсөн жил Монголд хүмүүнлэгийн үйл ажиллагаа зохион байгуулахаар зорин судалж 90 гаруй хүүхэд хамрагддаг ойр орчим худаг байхгүй, зөөврийн устай Баянзүрх дүүргийн зургадугаар цэцэрлэгийн Хужир булан дахь салбарыг сонгон авч 24 цагаар ажилладаг гүний худаг барьж хүлээлгэн өгч байсан билээ.
Ингэснээр ганц тухайн цэцэрлэгийн ундны усны асуудал бус эргэн тойрны айлуудыг тус худгаас ус авах боломж бүрдсэн нь нүдээ олсон ажил болж байсан юм. Энэ жил Японы Мацүдониши ротари клубээс Монголд дахин хүмүүнлэгийн ажиллагаа зохион байгуулан өөрсдийн хөрөнгөөр стандартад нийцсэн халуун, хүйтэн устай ариун цэврийн байгууламж барьж мөн л Баянзүрх дүүргийн зургадугаар цэцэрлэгт хүлээлгэн өглөө. Японы Мацүдониши ротари клуб нь 2 дахь жилдээ Монголд, тэр дундаа хүүхэд багачуудад зориулсан хүмүүнлэгийн үйл ажиллагааг зохион байгуулж байгаа бөгөөд цаашдаа ч олон үйл ажиллагааг өөрсдийн хөрөнгөөр хийхээр төлөвлөж байна. Зургадугаар цэцэрлэг нь монгол гэрт үйл ажиллагаа явуулдаг гэр цэцэрлэг юм байна.